Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ганхүү: Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх бүрэн боломжтой

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Боао форумын Улаанбаатарын бага хурлын үеэр Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны нөхцөл байдал, хөрөнгө оруулах боломжит төслүүдийн талаар илтгэлүүд тавигдсан юм.

Бага хурлыг зохион байгуулагчдын нэг болох “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү энэ үеэр хөрөнгө оруулах боломжтой төслүүдийн талаар илтгэл тавьсныг онцлон хүргэж байна.

Тэрбээр хэлэхдээ “Эрдэнэс Монгол” компани стратегийн ордуудыг ашиглахаас гадна, ордуудаа дагасан дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, логистикийн нэмүү өртөг бий болгох чиглэлээр ажилладаг.

Тухайлбал, хүрэн нүүрсээ эрчим хүч болгож БНХАУ болон зүүн хойд Азийн бүс нутаг руу экспортлох  “Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлж байгаа.  "Эрдэнэс Стийл" гэх төр, хувийн хэвшлийн хамтарсан манай охин компанийн гангийн үйлдвэрийн төсөл болох 300 мянган тонн ган, 500 мянган тонн кокс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлээд явж байгаа.

“Эрдэнэс Монгол” компани Багануурын уурхайн 75 хувийг эзэмшдэг. Саяхан Багануурын уурхайн 400 сая тоннын нөөц бүхий лицензийг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн тул цаашид нэмүү өртөг шингээж, орлого бий болгох төсөл хүртэл бий.

Түүнчлэн Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төсөл болон Метаны хайгуулын төсөл байгаа билээ. Учир нь Тавантолгойн ордыг метаны их хэмжээний нөөцтэй гэж үздэг. Төслийн хүрээнд Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран хайгуулын ажлаа эхлүүлчсэн.

Ийнхүү Улаанбаатар хотын гэр хороолол, барилга байгууламж, станцуудыг хийн түлшинд шилжүүлж, утааны асуудлыг шийдвэрлэх тодорхой төслүүдээ санал болгож байна” гэдгээ хэлсэн юм. 

“Эрдэнэс Монгол” компанийн хувьд ашиг орлогыг чухалчлах нь нэг талын хэрэг ч нөгөө талд хүртээмжтэй өсөлт, бүс нутгийн хамтын ажиллагаанд харилцан үр ашигтай төслүүдэд оролцож, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, баялгийг тэгш хуваарилахыг зорьж буйгаа мөн илтгэлийн төгсгөлд онцолсон.

Боаогийн форумын Улаанбаатарын бага хурлыг Гадаад харилцааны яам, Монголын бизнесийн зөвлөл, “Эрдэнэс монгол” компани хамтран зохион байгуулж байгаа билээ.