Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн тэргүүн хатагтай өгсөн талхыг нь газарт хаяж, Украинчуудыг гомдоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хорь гаруй жилийн дараа Израйль улсын ерөнхий сайд Украин улсад анх удаа айлчилж байна. Өчигдөр Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху гэргийн хамт Киев хотын олон улсын нисэх буудалд газардсан юм.

Тэднийг эртний слав заншлаар талх, давс барьсан бүсгүйчүүд тоссон байна.

Энэ үеэр Израйлийн тэргүүн хатагтай Сара Нетаньяху яах учраа олохгүй байсан бол ерөнхий сайд талхны захаас эмтлэн амссан юм. Дараа нь тэр дахин нэг хэсгийг эмтлээд гэргийдээ өгсөн байна.

Гэтэл Сара Нетаньяху талхыг амсалгүй шууд газарт хаясан нь хэвлэлийн дуранд өртжээ.

Удалгүй Украины үндсэрхэг үзэлтнүүд Израйлийн тэргүүн хатагтайн үйлдэлд бухимдлаа илэрхийлж эхэлсэн юм. Тэргүүн хатагтайн энэ удаагийн аялал анхнаасаа дуулиантай байжээ.

Израйлийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хатагтай Нетаньяху өөрийн аялж ирсэн онгоцны ахмадыг угтаж авсангүй хэмээн уурлаж, нисгэгчдийн бүхээгт дайрч орох гэж оролдсон байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дуулианыг намжаахын тулд сэтгүүлчдэд тайлбар хийжээ. “Хатагтай Нетаньяху Украин улсад хүндэтгэлгүй хандсан гэж би үзэхгүй байна. Энэ бол дэмий яриа” гээд тэргүүн хатагтай Украины далбаатай ижил өнгийн хувцас өмссөн байсан нь харин ч хүндэтгэж байгаагаа харуулсан хэрэг гэж Зеленский ярьжээ.

Тэр сүүлд нь “Энэхүү түүхэн айлчлалын ач холбогдол талхны дуулианд дарагдана гэдэгт би эргэлзэж байна” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: Ruptly, Jerusalem Post, Russia Today