Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийн хуучин автомашин нарыг нэг бүтэн тойроод байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2018 оны хоёрдугаар сард SpaceX компани олон дахин ашиглагдах Falcon Heavy пуужингаа туршсан юм. Уг пуужин нь хүнд жинтэй ачааг дэлхийн тойрог замд хүргэх зориулалттай.

Тухайн үед SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ачааны оронд өөрийн хуучин Tesla Roadster автомашиныг тойрог замд илгээж байв.

Ингэхдээ тэр жолооны ард Starman нэртэй хиймэл хүнийг суулгасан юм. Энэхүү сонирхолтой ачааг нарны тойрог замд оруулан тавьсан нь дэлхийн 557 хоногийн дараа буюу саяхан нарыг нэг бүтэн тойрч дуусгажээ.

Илон Маскийн хуучин машиныг унасан Starman нийт 1.223 тэрбум километр зам туулсан гэсэн тооцоо гарсан байна. Tesla Roadster машинд үйлдвэрээс нь олгосон баталгаат туулах замын хэмжээ 58,000 орчим километр байдаг. Тэгвэл Маскийн машин энэ замаа 21,000 орчим дахин сунгаад байна.

Tesla Roadster машиныг анх сансарт хөөргөхдөө хөгжимд нь Дэвид Боуигийн “Space Oddity” дууг давтан тоглуулахаар тохируулсан байна. Хэрвээ машины батарейн цэнэг дуусаагүй бол энэ дуу өнөөдөр 151,000 удаа тоглогдсон байх ёстой гэнэ.

 

Эх сурвалж: Mashable