Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар Шэнжэн хотыг Хонг Конгоос илүү болгох төлөвлөгөөг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Хятадын засгийн газар Шэнжэн хотыг дэлхийн тэргүүлэх хот болгох төлөвлөгөөг зарлажээ.

Засаг захиргааны тусгай бүс Хонг Конг улс төр, эдийн засгийн хямралд ороод байгаа энэ үед хилийн нөгөө талд орших Шэнжэнийг хурдтай хөгжүүлэх замаар байр суурийг нь эзлэх зорилт тавьсан нь эндээс харагдаж байна.

Нарийвчлан задлаагүй уг төлөвлөгөөнд 2025 он гэхэд Шэнжэнийг эдийн засаг, хөгжлийн чанараар дэлхийд тэргүүлэгч хотуудын нэг болгоно гэжээ.

Мөн хөрш Макао, Хонг Конгтой хэлхээ холбоо, соёлын харилцааг нь нэмэгдүүлж, илүү гүнзгий интеграцчилах тухай дурдсан байна. Тухайлбал Хонг Конг, Макаогийн иргэд Шэнжэнд ажиллаж, амьдрах бол үндсэн оршин суугчидтай ижил эрх эдлэнэ гэж заажээ. Хилээр зорчих боломжийг одоогийнхоос илүү нээлттэй, амар хялбар болгох тухай бас заасан байна. Энэ нь Хонг Конгод төвлөрсөн гадаадын хөрөнгө оруулагчдыг Шэнжэн рүү татах бодлогыг харуулж байна.

Улмаар 2035 онд Шэнжэн нь эдийн засгийн бүх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч хот болох зорилготойг шинэ төлөвлөгөөнд тусгажээ.

Дөчөөд жилийн өмнө загасчдын жижиг тосгон байсан Шэнжэнийг эдийн засгийн тусгай бүс болгосноор өнөөдөр Хятадын технологийн гол төв болж хөгжөөд байгаа.

Тэгвэл одоо Шэнжэнийг хөгжүүлэх дараагийн төлөвлөгөөгөө Бээжингийн эрх баригчид ийнхүү зарлаж байна.

Бэйханы их сургуулийн профессор Тян Фэйлон “Хэрвээ улс орныхоо хөгжилтэй алхаа нийлүүлэх боломжийг Хонг Конг хүлээж авахад бэлэн биш байгаа бол Шэнжэн хот оронд нь илүү хурдтай хөгжих ирээдүйтэй харагдаж байна” гэж ярьсныг Хятадын Коммунист Намын төв хэвлэл Глобал Таймс сонинд мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP