Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

“УБТЗ” ХНН-ийг Ю.Цэдэнбал академийн дээд шагнал Ю.Цэдэнбалын одонгоор шагналаа

ikon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын академиас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг тус академийн дээд шагнал Ю.Цэдэнбалын одонгоор шагналаа. Уг шагналыг УБТЗ-ын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнажээ. 

“Ю.Цэдэнбал бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан төдийгүй тус нийгэмлэгийг хөгжүүлж бэхжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Улс орны тээврийн тэргүүлэх салбар болсон төмөр замгүйгээр улс орон хөгжихгүй гэдгийг тэрээр сайтар ойлгож, төмөр зам түшиглэсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлж, шинэ хот суурин, үйлдвэр, уурхайг сүндэрлүүлэн босгосон нь өнөөдөр ч монгол улсын хөгжлийн нүүр царай болж байна. Тэрээр Монгол Улсыг хөрш орнуудтайгаа төмөр замаар холбохын ач холбогдлыг холоос олж харж хэрэгжүүлж чадсан нь өнөөдөр УБТЗ-ын гол зам Ази-Европыг холбосон хамгийн дөт замд тооцогдож, манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН Монгол улсын тээврийн тэргүүлэх салбарын үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсаар байгаа нь Ю.Цэдэнбал агсны ач гавъяатай салшгүй холбоотой юм” гэж шагнал гардуулах ёслолын үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа онцлон хэллээ.  

Монгол Улсыг 44 жил удирдсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын нэр төр, алдар гавъяаг түгээн дэлгэрүүлж мөнхжүүлэх үйлсэд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс анхаарч, Ю.Цэдэнбалын академитай холбоотой ажиллаж байдаг юм.

 

Эдгээр ажлын нэг нь Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН  “Ю.Цэдэнбал, Монголын төмөр зам” онол практикийн хурлыг санаачлан зохион байгуулсан нь энэ түүхэн хүний гавьяа зүтгэлийг үнэн бодитоор үнэлэн цэгнэхэд чухал үүрэгтэй арга хэмжээ болсон юм. Энэхүү онол практикийн хурлын үеэр Ю.Цэдэнбал агсны Монгол улсад төмөр зам байгуулж хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг олон талаас нь үнэлэн дүгнэсэн илтгэл тавигдаж, цаашид  эрдэмтэн судлаач нар өөрсдийн судалгааны бүтээлд ашиглах, гүнзгийрүүлэн судлах олон шинэ сонирхолтой баримтуудыг гарган тавьсан нь Ю.Цэдэнбал судлалд төдийгүй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн түүхийн судлалд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Мөн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн үеэр түүний хэрэглэж байсан тусгай үүргийн вагоныг УБТЗ музей болгосон нь түүхийн сонирхолтой үзмэр болсон юм. Тэрчлэн Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээх ажилд УБТЗ санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

                                  

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

        

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.