Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурц нарын есөн хүний буруутай эсэхийг тогтоохоор шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал завсарлан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлжээ.

Энэ талаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгоход олон нийтэд нээлттэй.

Шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй учраас хурал өнөөдөртөө дуусах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гаргасан шийдвэрийг танилцуулах болно" гэлээ.

Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын есөн хүнийг гэм буруутай гэж үзвэл хуралдаан үргэлжилнэ. Харин гэм буруугүй эсвэл мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргавал хурал дуусах бөгөөд тогтоох хэсэг уншихад хэвлэлд нээлттэй байх аж.