Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн асуудлыг Тяньаньмэний аргаар шийдвэл худалдааны яриа хэлэлцээ хүндрэхийг Трамп анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Хонг Конгийн хямралыг Тяньаньмэний аргаар шийдвэл хоёр орны худалдааны яриа хэлэлцээнд муугаар нөлөөлөхийг Хятадын талд анхааруулжээ.

“Хэрвээ хямралыг Тяньаньмэний талбайд болсон шиг аргаар шийдвэл яриа хэлэлцээнд маш хүнд тусах болно” гэж тэр Нью Жерсигээс явахын өмнө ярьсан байна.

Хоёр орны худалдааны гэрээг хэлэлцэж байгаа албаныхан энэ сард багтаж хоорондоо утсаар ярих тухай Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу өчигдөр хэвлэлд ярьжээ.

Энэ ярианы үр дүнгээс хамаарч хэлэлцээ цааш үргэлжлэх үгүй нь шийдэгдэх гэнэ. Ням гарагт Хонг Конгийн төвд иргэдийн эсэргүүцлийн томоохон тайван жагсаал болж өнгөрчээ. Зохион байгуулагчид нь уг арга хэмжээнд нийт 1.7 сая хүн оролцсон гэж мэдээлсэн байна. Олон өдөр үргэлжилсэн цуст мөргөлдөөний эцэст Хонг Конгчуудын тэмцэл буцаж тайван хэлбэрт шилжсэнийг хэвлэлүүд онцлон мэдээлжээ. Өчигдөр Хонг Конгод бороотой байсан тул гудамжинд асар олон тооны шүхрийн урсгал үүссэн мэт дээрээс харагдаж байсан гэнэ.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн алба хаагчид, зэвсэг техникүүд Хонг Конгтой хил залгаа Шэнжэн хотод ирээд байгааг Бээжингийн төв хэвлэлүүд үзүүлсээр байгаа.

1997 онд Британи улс өөрийн колони Хонг Конгийг Хятадад шилжүүлэхдээ өөртөө засах онцгой эрхийг нь хэвээр хадгалах тохиролцоог хийж байжээ. 

Гэвч Хятадын хатуу чиг бодлоготой удирдагч Ши Жиньпиний засгийн газар Хонг Конгийн эрх чөлөө, бие даасан байдалд халдах болсон нь иргэдийг тэмцэхэд хүргэсэн юм.

 

Эх сурвалж: AFP