Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ач, зээгээ харахад тусалдаг эмээ, өвөө нар илүү урт насалдаг нь судалгаагаар тогтоогджээ

Б.Ану
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
https://www.varsitybranding.com

Монголд цэцэрлэгийн чанар, хүртээмж, сургууль гэр ойр, холоос хамааран аав, ээжүүд хүүхэд асрах ажилд эмээ, өвөө нарыг дайчлах нь элбэг байдаг билээ.

Тэгвэл хүүхэд харах ажилд эмээ, өвөө оролцох нь тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай нэгэн судалгааг 2016 оны сүүлээр Европын хэд хэдэн томоохон их сургууль хамтарч хийсэн байдаг бөгөөд энэхүү судалгааны онцлох үр дүнг хүргэе.

Тус судалгааг хийхдээ 70-103 насны 500 хөгшнийг хамруулсан бөгөөд гол зорилго нь ач, зээгээ харахад тодорхой хэмжээнд оролцдог, огт оролцдоггүй (гэхдээ хүүхдүүдээ тодорхой хэмжээнд дэмждэг) хөгшдийн ялгааг гаргахыг зорьсон байна.

Судалгааг 1990-2009 оныг хамруулан хийж ач, зээгээ харахад оролцдог хөгшдийг огт ач, зээгээ хардаггүй эмээ, өвөөгөөс урт насалж байгааг тогтоожээ.

Тодруулбал, 1990 онд судалгаанд хамрагдаж байхдаа ач, зээгээ харахад тусалдаг гэсэн ангиллын эмээ, өвөө нарын 50 хувь нь 10 жилийн дараа амьд сэрүүн байсан бол ач, зээгээ харахад оролцдоггүй нь судалгаа анх авах үеэс таван жилийн дараагаар 50 хувь нь өөд болсон байжээ.

Гэхдээ судалгаанд онцолсон зүйл нь ач, зээг харах хугацаа цагийн хязгаартай байх ёстойг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, бүтэн цагаар хүүхэд асардаг эмээ, өвөө нар бие, сэтгэлийн хямралд орох нь элбэг байгааг анзаарсан бол ач, зээгээ тодорхой хуваарийн дагуу, хагас цагаар асардаг эмээ, өвөө нар илүү урт насалдаг гэсэн байна.

Мөн судалгааны бас нэг сонирхолтой үр дүн бол ач, зээгүй ч гэсэн бусдад тусламж үзүүлэхэд амьдралын тодорхой хугацаагаа зарцуулдаг хөгшид  нь хүүхэд харах, тусламж үзүүлэх ажилд огт оролцдоггүй хөгшдөөсөө урт насалж байгааг ч нотолжээ. Өөрөөр хэлбэл, судалгаагаар хүн бусдад туслахдаа бие сэтгэлээрээ оролцох нь өөрийнх нь эрүүл мэндэд ч тустай болохыг харуулсан байна. 

 

Эх сурвалж: Sciencedaily