Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хазара иргэдийн хуримын үеэр гарсан халдлагыг Исламын улс бүлэг үйлдсэнээ зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Афганистаны нийслэл Кабулд болсон хуримын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 63 хүн алагдаж, 200 гаруй хүн шархдсан юм.

Халдлага Афганистаны хазара иргэдийн төвлөрдөг Кабулын баруун дүүрэгт орших хуримын ордонд болжээ.

Гэрчүүдийн мэдээлснээр хүүхэд, насанд хүрэгсэд олноороо бүжиглэж байсан тайзан дээр амиа золиослогч бөмбөгөө дэлбэлсэн байна. 

Тэгвэл энэхүү халдлагыг Исламын улс террорист байгууллага үйлдсэн тухайгаа Ням гарагт өөрийн холбоотой вэб сайтад мэдээлжээ. Амиа золиослогч нь тус бүлгийн гишүүн, Пакистаны иргэн байсан гэнэ.

Афганистанд 2014 оноос хойш идэвхжсэн Исламын улс зэвсэгт бүлэг өнгөрсөн хугацаанд Хазара цөөнхийн эсрэг олон тооны аллага зохион байгуулаад байна.

Афганистанд 18 жил үргэлжилж буй дайныг зогсоохоор АНУ, Талибын зэвсэгт бүлэглэл хэлэлцээр хийж буй цаг үед дээрх халдлага болж байна.

Яриа хэлэлцээрийн гол асуудал нь АНУ өөрийн цэргийг Афганистанаас гаргасны дараа Талибууд энэ улсыг дэлхийн терроризмын бааз болгохгүй байх амлалт юм.

Гэвч талууд тохиролцоонд хүрсэн ч Исламын улс террорист байгууллага Афганистанд аюул учруулсан хэвээр байх дүр зураг харагдаж байгаа.

Талибын зэвсэгт бүлэг хуримын үеэр аллага гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд өөрсдийгөө халдлагад оролцоогүйг зарласан юм.

Өнгөрсөн онд Афган даяар 3,800 гаруй энгийн иргэн, үүн дотор 900 гаруй хүүхэд Талибууд, Исламын улс, АНУ тэргүүтэй холбоотнуудын суманд амиа алдсан тухай НҮБ мэдээлж байв.

 

Эх сурвалж: AFP