Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Баяндэлгэр: Хүрз барьсан тонуулчид Монголын археологийг сүйтгэж байна

Б.Намуунтамир, Зууны мэдээ
2019 оны 8 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, тухайн салбарын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Монголын үндэсний музейн археологич Ч.Баяндэлгэрийг урьж, ярилцлаа.

Археологийн ажил дуусна гэж үгүй

-1990 оноос хойш манайд археологийн салбар эрчимтэй хөгжиж байна.  Үүнд уул уурхай, зам тээврийн салбарын хөгжил тодорхой хэмжээнд нөлөөлдөг.

Манай археологийн холбоонд  авран хамгаалах судалгааны салбар байгуулагдсан. Тэд уул уурхайн лицензтэй зам, талбайд үрэгдэх гэж байсан түүх, соёлын үнэт олдворуудыг авран хамгаалж, цуглуулж байна.  Ер нь  манай салбар Монголын эзэнт гүрний их түүхийн гэрч болж, эдүгээ болон хойч үеийнхнийхээ гэгээн мэлмийг нээж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэхэд онцгой анхаарч ирсэн. Үүнд  ач холбогдол, үнэ цэнэ нь оршиж байдаг.   

Үндэсний болон олон улсын хамтарсан археологийн хээрийн  сургуулийг жил бүр ажиллуулж, малтлага судалгаа хийж байна. Энэ нь Үндэсний музейн цуглуулгыг баяжуулахад чухал үүргийг гүйцэтгэж байна. Мөн  АНУ, БНСУ, Герман, БНХАУ-ын их сургууль, музей, судалгааны багуудтай хамтран ажиллаж байна. Археологийн судалгааны олон том төсөл хэрэгждэг. Мөн өөрийн хүч бололцоондоо тулгуурлан үндэсний судалгааны багуудыг ажиллуулж, Монголын эртний түүхийн судалгаанд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Археологийн олдвор гэдэг нь үнэлж баршгүй, дахин давтагдашгүй, эмзэг, түүхийн гэрч болж байгаагаараа  ач холбогдолтой  юм. Археологийн дурсгалыг судлах ажил дуусна гэж байхгүй. Судалгааны төвшин нарийсах тусам судалгаа нь шинэ төрлийн болоод цааш нь  явдаг онцлогтой салбар л даа.

Дэлхийн археологийн судалгааны түүхэнд нээлт боллоо

 

БЛИЦ

Ч.Баяндэлгэр:

-Монголын үндэсний музейн археологич

Ажлын туршлага:

-2012 онд Үндэсний болон олон улсын хамтарсан археологийн хээрийн шинжилгээний багт археологич
-2013 оноос одоог хүртэл Монголын үндэсний музейн археологи-антропологийн секторт археологичоор ажиллаж байна.

Боловсрол:

-2012 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн археологи-антропологийн ангийг төгссөн.

-2014 онд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан

-Манай улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Энэ  нь археологийн салбарт тодорхой хэмжээнд нөлөөлж байдаг.  Бидэнд дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хээрийн судалгаа хийх боломж олддог. Үндэсний экспидиц маань 2014 оноос эхлэн “Айргийн гозгор”-ын төсөл хэрэгжүүлж байна. Мөн “Умард Монгол”, “Увс нуурын сав нуурын нутаг дахь нэн эртний  Монголчууд” гэх мэт малтлагын төслүүд жил бүр явагддаг. Үүнээс гадна Чикагогийн их сургуультай хамтарсан “Умард Баянхонгор “ төсөл хэрэгжүүлж Баян хонгор аймгийн Өлзийт,  Эрдэнэцогт сумын нутагт ажилласан. Мөн одоогоор АНУ-ын Питсбургийн их сургууль, Америк- Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав газар нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг төслийг хэрэгжүүлж байна. Тэндээс археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох, шинэ олдворуудыг нээгээд байна. 

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгариг багийн нутаг,  “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох булшийг авран хамгаалах, эд өлгийн зүйлсийг цуглуулах, малтлага хийсэн. 700-800 жилийн тэртээх мөнх цэвдэгт тэс хөлдүүгээрээ хадгалагдсан гурван ваар дүүрэн шар тос, нэг ваар өрөм олдсон нь дэлхийн археологийн судалгааны түүхэнд нээлт болж байна. Илүү том баг гаргаж, олон хүний хүч хөдөлмөр оролцсон нь  үр ашгаа өглөө. Археологийн судалгаа гэдэг бол соёлын өвийг хамгаалах томоохон ажлын нэг. Харамсалтай нь зарим олдворууд маань хулгайч, тонуулчдын гарт өртөж байгаа нь харамсалтай.  Манайхан өөрсдөө өөрсдийнхөө гараар агуу их түүхээ устгаж байгаагаа ойлгодоггүй.

Энэ салбарт ажлын байр нэмэгдүүлмээр байна

-Археологичдын ажил бол хүн үүсч анхны хөдөлмөрийн багаж, зэр зэвсэг, гоёл чимэглэл үйлдсэн, улмаар аж ахуй, нийгэм, соёл, ёс заншил зэрэг бий болсноос эхэлнэ.  Хүн үүсч буй болсноос манай тооллын эхэн хүртэлх урт удаан хугацаанд үргэлжилсэн энэ үеийн тухай хамгийн чухал мэдээллийг газрын хөрсөн дор буй олдвор, дурсгалуудаас олж авдаг. Ингэхлээр археологи бол түүхийн нэг хэсэг юм. Археологийн судалгааны зорилго нь эртний хүний амьдрал ба нийгмийг сэргээн хойч  үед таниулах юм.  Одоо манай салбарт жилдээ 70-80 хүн энэ мэргэжлээр төгсдөг. Гэвч төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллахад нь ажлын байр хомс байдаг. Ажиллая гэсэн ч хэдхэн музей, түүх-археологийн хүрээлэн л байна. Эдгээр нь хангалтгүй юм.  Тэгэхээр археологичоор төгсөж байгаа хүмүүсээ нэн түрүүнд ажлын байраар хангах хэрэгтэй.  Археологи-антропологийн сектор, Түүх-угсаатны зүйн секторын мэргэшсэн есөн эрдэм шинжилгээний ажилтантай. Тус албаны эрдэм шинжилгээний ажилтнуудын бүрэлдэхүүнд хоёр доктор, гурван докторант, дөрвөн магистр, ажиллаж байгаа. Үүний тоог ядаж 20 болгочихвол нарийвчилсан судалгаанаас эхлээд үр дүнгийн хувьд ч ахиц гарах юм.

Археологи бол хүрзээр зэвсэглэсэн шинжлэх ухаан

-Археологийн шинжилгээ нь хайгуул, малтлага судалгааны гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Малтан судлах ажлын явцад олдож буй, хүний гараар бүтсэн эдийн боловсролын дурсгалт зүйлсийн өчүүхэн хэсэг нь ч гэсэн түүхийн дурсгалын үнэт баримт болох учраас юу ч орхигдуулахгүй авч харьцуулан шинжилдэг юм. Олдож буй зүйлс тэр болгон анхны хэлбэр байдлаар бүрэн бүтэн байж чадахгүй тохиолдол олон. Тиймээс эвдэрч хэмхэрсэн боловч саланги хэсгүүдийг нь  эвлүүлж анхны хэлбэрт оруулж болох ба эсвэл үндсэн төрхөө алдаагүй ч маш хэврэг болсон олдворуудыг эвлүүлэн наах буюу бэхжүүлэх янзлах ажлыг сэргээн засварлах ажлыг хийж байна. 

Олдворуудыг бүртгэлийн дагуу хүлээн авч тусгай дэвтэрт бүртгэх бөгөөд хэдэн он, аль аймаг, сумын ямар нэртэй газар, ямар экспедици, хэн малтсан, булшны дугаар зэрэг асуултад хариулсан байна. Олдвор хадгалах хайрцаг нь шороо тоос орохгүй, битүү тагтай хайрцаг байхаас гадна тусгай дугаартай, хаягтай байх шаардлагатай байдаг. Нэг төсөл дээр хувийн бэлтгэл, судлагдсан байдал, тоног төхөөрөмж, хоол хүнс, хээрийн нөхцөлд амьдрах бэлтгэлээ хийгээд малтах процесс руугаа орно. Археологи бол хүрзээр зэвсэглэсэн шинжлэх ухаан юм.  Нэн түрүүнд бид хамгийн энгийн жижиг хүрз, мөн барилга дээр ашигладаг багажууд ашиглана.  Малтлага болгон дээрээ нарийн тодорхойлолт бичнэ, гар зураг, фото зураг хийнэ. Нэг малтлага хийхдээ тухайн газар орон нутгаасаа хамаараад хэдэн жил ч хүртэл үргэлжилнэ.  Мөн нарийвчилсан он цагийг шинжлэхдээ харьцуулсан судалгаа хийдэг. Жишээлбэл дундаж зууны хиргисүүрүүд чулуун дараасаараа танигддаг. Хэлбэр, хээ, сүг зураг, бичээс гэх мэт.  Малтлага хийгээд олдсон ваар савуудыг түүний гадаргуу дээр хээ чимэглэлээр нь таньж болдог юм.

Эртний булш, хиргисүүрийг тонож, сүйтгэдэг бүлэглэл бий болсон байна

-Сая олдсон ваартай өрөм, шар тосыг авч үзвэл Юань гүрний үед хэрэглэдэг байсан ваар байлаа. 1,000 гаруй булш байгаагаас 100 гаруй нь тоногдсон бөгөөд эдгээр тоногдсон булшнаас энэхүү олдвор нь олдсон юм. Судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажилласан. Ингээд Монголын төдийгүй дэлхийн археологийн олдворт нээлт болохуйц олдворуудыг нээсэн.

Хөлдүү шар тостой вааранд зулын гол шиг том гол байснаас авч үзвэл мөнхийн зул байх магадлалтай байсан. Одоо бидэнд дутагдаж байгаа зүйл гэвэл  жишээлбэл 700-800 жилийн тэртээд тэс хөлдүүгээрээ хадгалагдсан өрөм, шар тосыг Улаанбаатарт хөлдүүгээр нь авч ирсэн ч цаашид хэдэн зуун жил яг энэ байдлаар нь хэрхэн хадгалж үлдэх нь их асуудалтай байна. Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмж хамгийн чухал юм. Төр засгаас хангалттай төсөв хөрөнгө гаргаж чаддаггүй. Археологийн олдвор илрүүлэх судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ч ихэвчлэн гадны байгууллагууд гаргадаг.

Эрүүгийн хуулиар олдворыг зөвхөн хил давуулахад л хариуцлага хүлээлгэх заалттай байдаг. Эртний булш, хиргисүүрийг тонож, сүйтгэдэг бүлэглэл бий болсон байна. Хэдийгээр ховор олдвор олдсон ч эдгээр олдворыг тонуулчдад тоногдсон булшнаас олсон. Хүний яс, малын тоног хэрэгсэл гээд бүгдийг нь талаар нэг тараасан байсан Анх 2016 онд бид археологийн судалгааны хажуугаар орон нутгийн иргэдтэй ярилцлага хийдэг. Энэ үеэр бид нутгийн настайчуудтай уулзахад тоносон булшны талаар мэдээлэл өгсөн. Ингэхэд нийт 100 гаруй булшийг бүгдийг нь тоносон байсан. Хүний яс, малын тоног хэрэгсэл гээд бүгдийг нь талаар нэг тараасан байсан. Археологийн малтлагыг хийхийн тулд зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авсны дараа буюу жилийн дараа малтлага хийсэн. Тонуулчид металл хайгчаар илрүүлж чадаагүй 10 гаруй ваар олсон. Бид хугацаа алдсан л бол мөнх цэвдэг хайлж, өрөм, шар тос муудах байсан.

Зураг