Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгчууд Диснейн “Мулан”-ын эсрэг хөдөлгөөн эхлүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дисней компанийн бүтээж байгаа “Мулан” киноны гол дүрийн жүжигчин Хонг Конгод болж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Жүжигчин Лю Ифэй өөрийн Вэйбо сошиал хуудсанд Хонг Конгийн цагдаа нарыг дэмжиж, тэмцэгчдийн хүчирхийллийг буруутгаж байгаагаа илэрхийлсэн нь маргаан үүсгэсэн юм.

Хятадын коммунист намын төв хэвлэл Глобал Таймс сонины сэтгүүлч Хонг Конгод үүргээ гүйцэтгэж яваад тэмцэгчдэд зодуулсан нь жүжигчин бүсгүйг ингэж мэдэгдэхэд хүргэсэн байна.

Энэ мэдэгдлийн дараа Хонг Конгийн сошиал ертөнцөд BoycottMulan хаштагтай хөдөлгөөн өрнөж, “Мулан” киног үзэхгүй байхыг иргэдэд уриалж эхэлжээ.

1998 онд энимэйшн хэлбэрээр дэлгэцэнд гарч байсан “Мулан”-ыг Дисней компани “амьд” хувилбараар бүтээж, ирэх оны гуравдугаар сард зах зээлд гаргах гэж байгаа юм.

Хятадад төрсөн Лю Ифэй нь сүүлд АНУ-ын иргэн болсон юм. Ардчиллын өлгий болсон орны иргэн цагдаа нарын харгис үйлдлийг дэмжиж байгааг олон хүн шүүмжлсэн байна.

Тэр Хонг Конгийн асуудлаар байр сууриа илэрхийлээд шүүмжлүүлсэн кино урлагийн анхны төлөөлөгч биш. Хонг Конгод төрсөн кино од Жэки Чан саяхан CCTV сувагт ярихдаа “Би дэлхийн олон оронд очиж байсныхаа хувьд манай улс сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгааг хэлж чадна. Би хаана ч явсан Хятадын иргэн гэдгээрээ бахархаж, Хятадын таван таван хошуутай улаан далбаа дэлхийн хаана ч хүндлэгдэж байгааг мэдэрдэг” гэж ярьсан юм.

 

Эх сурвалж: The Guardian