Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Арлыг нь худалдаж авах Трампын санааг Гринландчууд эсэргүүцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том арал Гринландыг Дани улсаас худалдаж авах тухай сонирхож байгааг The Wall Street Journal саяхан албаны эх сурвалжаас уламжлан мэдээлсэн билээ.

Тэгвэл 56,000 орчим оршин суугчтай, өөртөө засах эрхтэй арлын захиргаа Трампын санааг эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ.

Гринландын гадаад харилцааны яамны мэдэгдэлд “Гринланд бол эрдэсээр баялаг, хамгийн цэвэр ус, мөстэй, загас, тэнгисийн бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүчний нөөц арвин, адал явдалт аялал жуулчлалын шинэ зах зээл билээ. Бид хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн, гэхдээ арлаа худалдахгүй” гэсэн байна.

Тус арлын ерөнхий сайд Ким Киелсэн “Гринландыг худалдахгүй. Харин Гринланд ганц АНУ төдийгүй, дэлхийн бусад улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгджээ.

Дани улсын гадаад бодлогын тэргүүн Мартин Лидегаард “Энэ бол аймшигтай, бас тэнэг санаа. Хошигнол байгаасай гэж би хүсэж байна” хэмээн ярьсан байна.

Хоёр улсын түүхийг харвал Дани улс АНУ-д газар нутаг зарж байсан, Дональд Трамп ч Гринландад санаархсан АНУ-ын анхны ерөнхийлөгч биш ажээ.

1917 онд Данийн Вант улс Карибын тэнгис дэх Виржиний арлуудыг АНУ-д зарж байв. 1946 онд АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн $100 саятай тэнцэх алтаар Гринланд арлыг худалдаж авах саналыг Данийн засгийн газарт тавьж байжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар $1.3 тэрбум орчим юм.

Уг саналыг Данийн тал хүлээж аваагүй бөгөөд эцэст нь АНУ тус арлын нэг хэсэгт агаарын бааз байгуулах тохиролцоо хийж байжээ.

1950-аад оны эхээр байгуулагдсан Thule агаарын бааз нь одоо дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт оршдог АНУ-ын цэргийн бааз юм.

АНУ-ын эрх баригчид газар нутаг бусад улсаас худалдан авч байсан арвин түүхтэй. 

1803 онд тус улс Францаас Луйзианагийн хязгаарыг $15 саяар худалдаж авсан нь өнөөдрийн ханшаар $340 сая орчим болж байна. Луйзиана нь 2.14 сая километр квадрат талбайтай газар бөгөөд Гринланд аралтай ойролцоо хэмжээтэй.

Тухайн үед Наполеоны Франц улс Их Британитай дайн хийхээр бэлдэж байсан тул харьцангуй хямд үнээр газар нутгаа зарсан гэдэг.

Харин 21 дүгээр зуунд Дани улс ийм хэмжээний газрыг зарах магадлал маш бага. Үнэлэхэд ч хэцүү юм. Газар нутгийн 80 орчим хувь нь мөсөөр бүрхэгдсэн, 56,000 хүн ам нь арлынхаа эрэг орчмоор амьдардаг Гринландын дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны байдлаар $2.7 тэрбум байжээ.

1867 онд Аляскыг АНУ $7.2 саяар Оросын хаант улсаас худалдаж авсан нь өнөөдрийн ханшаар $125 сая орчим ажээ. Аляска нь 1.5 сая километр квадрат талбай бүхий газар нутагтай.

Аль аль газрын наймаа нь АНУ-ын хувьд тун ашигтай байсан гэж түүхчид үздэг.

 

Эх сурвалж: Business Insider