Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Японы судлаачид өндөр настнуудад зориулж “хиймэл сүүл” бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний өвөг дээдэс олон сая жилийн өмнө биеийнхээ чухал хэсэг болох сүүлийг гээсэн билээ. 

Тэгвэл Японы Кэйо их сургуулийн судлаачид хүнийг дахин сүүлтэй болгохоор шийдсэн байна. Зүүдэг робот сүүл нь өндөр настнуудад биеийн тэнцвэрээ олоход нь туслах зориулалттай.

Зэрлэг амьтад гүйх, харайхдаа сүүлнийхээ тусламжтай тэнцвэрээ олж чаддаг. Кэйо их сургуулийн мэргэжилтнүүд амьтны энэ чадварыг судлаад нэг метр орчим урттай хиймэл сүүлийг бүтээжээ.

Бүсний тусламжтай зүүдэг сүүл нь хүний биеийн хөдөлгөөний эсрэг чиглэлд автоматаар хөдөлж, тэнцвэрийг нь хадгалдаг аж. Ингэснээр ахмад настнуудыг унаж, бэртэхээс сэргийлэх юм.

Өндөр хөгжилтэй улс орнуудын хүн ам хөгширч, ажиллах хүчний хомсдлоо цагаачдаар нөхөх бодлого барьж байгаа. Харин Япон улсын хувьд өндөр настнуудынхаа бүтээмж, ажиллах чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах чиглэлд илүү анхаарал тавьж байна.

Хиймэл сүүлийг зөвхөн өндөр настнууд биш, мөн биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст зориулжээ.

Эх сурвалж: Japan Today