Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп галт зэвсгийг хязгаарлахын оронд сэтгэцийн эмнэлэг олноор байгуулах санал гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-д нийгмийг цочроосон аллага гарах бүрт галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах асуудал байнга сөхөгддөг ч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй, маргаантай асуудал хэвээр үлддэг.

Тэгвэл ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар аллага гарахад галт зэвсгийн түгээмэл хэрэглээ буруугүй, харин сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс олширсон нь нөлөөлж байгаа гэнэ.

Сэтгэцийн өвчтэй этгээдүүдийг нийгэмд эрх чөлөөтэй явуулахгүйн тулд эмнэлэг олноор байгуулах хэрэгтэй гэж тэр ярьжээ.

“Сэтгэцийн өвчин гэдэг үгийг хүмүүс битгий мартаасай. Ийм өвчтэй хүмүүсийг эмчлэхийн тулд бид 60, 70-аад оны үед олноор нь хаасан эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээ дахин сэргээх хэрэгтэй байна” гэж Трамп ярьсан байна.

1950-аад оноос эхлэн АНУ даяар олон тооны сэтгэцийн эмнэлгүүд, судалгааны төвүүдийг хаах болсон нь өвчтөнтэй хүнлэг бусаар харьцдаг тухай олон дуулиан дэгдэж, сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх хандлага, арга техник өөрчлөгдсөнтэй холбоотой.

Гэхдээ галт зэвсэг хэрэглэсэн аллагын цаана арьс өнгөөр ялгаварлах үзэлтнүүд, цагаачдыг үзэн ядагчид байгааг мэргэжилтнүүд баталж байгаа. Тухайлбал энэ сарын эхээр Техасын Эль Пасо хотод 22 хүнийг буудаж хөнөөсөн этгээд нь сэтгэцийн хувьд эрүүл хүн байсан бөгөөд аллагыг үйлдэхээсээ өмнө онлайн орчинд цагаачлалыг эсэргүүцэх үзлээ илэрхийлж байсныг тогтоосон юм.

Энэхүү аллагын дараа Дональд Трамп галт зэвсэг эзэмшигчдийн бүртгэл мэдээллийг сайжруулж, хяналтыг чангатгахыг уриалж байв.

Гэвч сүүлийн үед тэр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ярих болсон нь галт зэвсгийн хяналтыг чангатгах санаанаас ухарсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна.

Конгресс дахь Ардчилсан Намынхны санаачилсан галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхийг нь асуухад Трамп “галзуу солиотой, аюултай хүмүүст галт зэвсэг эзэмшүүлэхгүй байхыг ерөнхийд нь дэмжиж байгаа” гэжээ.

Гэхдээ тэр ийм хуулийг батлах ажил ахицгүй байгаад Ардчилсан Намынхныг буруутгасан байна. “Ардчилсан Намынхан сайн хууль боловсруулаагүйгээс батлагдаж чадалгүй буцаагдах вий гэж би болгоомжилж байна. Ийм зүйл битгий болоосой. Гэхдээ өмнө нь ингэж байсныг та нар санаж байгаа биз дээ” гэж Трамп ярьжээ.

 

Эх сурвалж: The Washington Post