Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Их хэмжээний тусламжийн мөнгө хулгайлсан этгээдийг Афганистаны засгийн газар шоронгоос суллажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани

Дайны хөлд нэрвэгдсэн Афганистан улсыг сэргээн босгоход зориулж гадаадын улс орнууд их хэмжээний мөнгө хандивладаг ч хулгай луйврын замаар үрэгдэх нь түгээмэл үзэгдэл юм.

Олон улсын хандивлагчдын нэг тэрбум орчим ам.долларыг алдсаныхаа дараа тус улсын Кабул банк 2010 онд дампуурч байжээ. Тэгвэл энэхүү хулгайн хэрэгт шийтгүүлсэн банкны менежэр хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдах болсон байна. 

Афганистаны хэвлэлүүдийн мэдээлснээр ялтан Халилулла Ферози тус улсын ерөнхийлөгч Ашраф Ганигийн сонгуулийн үйл ажиллагаанд $30 саяыг хандивласныхаа хариуд үлдсэн ялаа гэрийн хорионд өнгөрөөхөөр болжээ.

Тэрээр Кабул банкыг үүсгэн байгуулагч Шерхан Фарнудын хамт 2013 онд харилцагчдын мөнгийг луйвардсан хэргээр хорих ял сонсож байсан юм.

Фарнуд хоригдож байхдаа шоронд нас барсан байна. Ферозид банкнаас алдагдсан $800 саяыг буцаан төлж барагдуулах шийтгэлийг шүүхээс оноосон байдаг.

Тэгвэл Афганистаны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Седик Седики хэвлэлд гарсан мэдээллийг “ор үндэсгүй худал зүйл” гэж няцаагаад эрүүл мэнд нь доройтсон Ферозиг алдагдсан мөнгийг төлж дуустал нь амьд байлгахын тулд гэрийн хорионд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Афганистанд суугаа АНУ-ын элчин сайд Жон Басс твиттер хуудсандаа “Ялын хугацааг нь дуусахаас өмнө Кабул банкны хулгайн хэрэгтэн Халил Ферозиг суллах хүсэлтийг Афганий засгийн газар гаргасныг сонсоод их харамсаж байна. Олон улсын тусламжийн мөнгийг хувьдаа завшсаны улмаас өнгөрсөн арван жилд тоо томшгүй олон афган хүн зовж шаналсан юм” гэж бичээд Кабулын эрх баригчдад авлигатай тэмцэх амлалтаа биелүүлэхийг уриалжээ.

 

Эх сурвалж: Associated Press