Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямдаваа: 102 байршлын газар чөлөөлөлтийн ажилд улсын төсвөөс нийт 23.1 сая төгрөг зарцуулаад байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн зургаан дүүрэгт судалгаа хийж, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраа өргөтгөн хашаа, барилга барьж явган хүний гарц зам хаасан зэрэг нийт 198 зөрчлийг илрүүлж, албадан буулгаж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Улаанбаатар хотод 220 мянга гаруй газар эзэмшигч байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа "Газрын зөрчил арилгах ажлуудыг хот төлөвлөлт гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулж зохион байгуулж байна.

Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгооор 2019 онд эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын А/322 гарсан.

Тус захирамжийн хүрээнд бид 102 байршлын 179 объектын газрыг чөлөөлж дууссан. 

Дараа нь уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 захирамж гарснаас хойш бид хотын зургаан дүүргийн хэмжээнд судалгаа хийж нийт 198 зөрчлийг илрүүлсэн.

Бид газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан үндэслэлээр албадан буулгах ажиллагааг авч, өнөөдрийн байдлаар бид нийт 52 объектын газрыг чөлөөлж, зөрчлийг арилгасан. 

Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр хорооллын дундах автозамын 26 байршилд орц, гарц нээгдэнэ. Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2,890 метр квадрат нэмэгдэж явган хүний зам талбай хийгдэх боломжоор хангагдана. 

102 байршлын газар чөлөөлөлтийн ажилд улсын төсвөөс нийт 23.1 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ дараа нь зөрчил гаргасан этгээдээс газар чөлөөлөхөд зарцуулагдсан төлбөрийг нөхөн гаргуулах тухай хуулийн заалт бий.  

Харин одоогийн 198 зөрчил дээр газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссаны дараа нийт хэдэн төгрөг зарцуулагдсан нь мэдэгдэнэ.

Өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянга гаруй газар эзэмшигч байна. Гэтэл нийслэлийн болон дүүргүүдийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байгаа хүн, хүч цөөн. Тиймээс бид хаана ямар зөрчил гаргаж байгааг урьдчилж тэр бүр мэдэх боломжгүй" гэлээ.

Манай дүүрэгт явган хүний зам руу хашаагаа тулгасан барьсан зөрчил их байна

Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Мөнхбаатар "Манай дүүрэгт 24 байршлын газрыг чөлөөлөх, нийтийн ажлыг чөлөөлөх ажлууд явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар есөн иргэн, аж ахуйн нэгжийн хашааг татуулж явган хүний зам талбайг нэмэгдүүлэх ажлууд хийсэн байна. Манай дүүрэгт гарсан зөрчлийн ихэнх нь явган хүний зам руу хашаагаа тулгасан байгаа юм" гэлээ. 

Газар чөлөөлөлт ажил хийгдсэнээр:

  1. Хорооллын дундах авто замын 26 байршилд орц, гарц нээгдсэн
  2. Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2,890 метр квадрат талбай нэмэгдсэн
  3. Явган хүний зам хаагдсан 45 байршилд 3,883 метр талбайг чөлөөлсөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломж бүрджээ.

Нийслэлийн зургаан дүүрэгт илэрсэн газрын зөрчлийн тоо:

Дүүрэг

Зөрчлийн тоо

Зөрчил арилгасан тоо

Баянгол

39

12

Баянзүрх

41

17

Сонгинохайрхан

41

11

Сүхбаатар

26

13

Хан-Уул

24

9

Чингэлтэй

27

1

НИЙТ

198

52

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322 захирамжийн хүрээнд газар чөлөөлсөн 102 байршлын заримаас: