Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Арай гэж тэтгэлэг авчихаад дугаарлаж зогссоор бүртгэлээсээ хоцорно гэдэг байж болохгүй зүйл"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны зургадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжиж буйгаа мэдэгдсэн билээ.

Тус яамнаас долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авдаг.

Гэвч БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэх тусам виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал ихсэж, дугаараа авахын тулд хонож дугаарлах шаардлага тулгараад байгаа юм.

Иймд бид бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар тус яамыг зорьсон юм.

Биднийг очиход МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны зүүн талд иргэд майхан, сандалтайгаа суучихсан дугаараа хүлээн дугаарлан сууцгааж байв. 

Дугаарлаж буй иргэнээс нөхцөл байдлыг тодруулахад “Бид ирсэн дарааллаараа баг болоод дотроо ээлж гарган дугаарладаг. Сургуульдаа явах гээд хөөцөлдөх ажил их байхад энд ямар ч үр бүтээлгүй хэд хонож байгаа нь үнэхээр харамсалтай. Сургуульдаа бүртгүүлэх цаг нь тулчихсан хүмүүсийн хувьд бол эрсдэл ихтэй байдаг. Урилга нь хэзээ ирэх нь тодорхойгүй хүүхдүүд хүртэл, магадгүй хоцорчихно гээд дугаарлаж байна” гэлээ. 

Одоогийн байдлаар 900 гаруй хүн энд дугаараараа материалаа өгөхөөр дугаарлаж буй аж. Сурч боловсрох хүсэл эрмэлзэлд золиос хэрэгтэй ч ганц хоёр хоног биш хэдэн арван хоног хононо гэдэг хөгжиж буй орны хувьд таатай хэрэг биш. 

Замын эсрэг талд БНХАУ-ын ЭСЯ-ны үүдэнд материалаа өгөхөөр дугаарлан зогссон гадаад, дотоодын иргэд байв.

Өндөр албан тушаалтай, нөлөө бүхий хүн гэхээр үнэмлэхээ үзүүлээд шууд орж болдог хэрэг үү
 
Гэрэл зургийг MPA.mn

Дугаарлан зогсож буй нэгэн иргэнээс нөхцөл байдлыг тодруулахад “Би энд ирээд арав хоног болж байна.

Хонох үеэр бороо ч их орлоо. Сүүлдээ ханиад хүрчихсэн. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь ийм нөхцөл байдалтай байхад Гадаад хэргийн яамнаас санаа тавьж, анхаарал хандуулж байгаа зүйл огт алга.  

Дугаар авахад хүртэл урдуур хойгуур орох асуудал маш ихээр гардаг.

Сая дугаар авах гээд зогсож айхад хүртэл Гадаад хэргийн яамны ажилтан байна гээд үнэмлэхээ үзүүлээд нэг хүүхэд дагуулаад, ямар ч оочергүйгээр урдуур яваад орчихсон. Тэгээд та яамны хүн юм бол энэ асуудлаар юм хэлээч гэхэд “Би дөнгөж сая л мэдлээ консулын газар руу хэлэх ёстой юм байна” гэж хэлээд орсон. Гэх мэтчилэн өндөр албан тушаалтай нөлөө бүхий хүн гэхээр үнэмлэхээ үзүүлээд шууд орж болдог хэрэг үү.

Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн хүүхдийн дугаар нь 900 гарчихаад явж байгаа. Сүүлийн хүүхдийн визэнд орох дугаарыг нь бодохоор хамгийн эртдээ гэхэд зургаан долоо хоногийн дараа юм. Арай гэж тэтгэлэг авчихаад бүртгэлдээ орж чадахгүй хасагдчихвал үнэхээр харамсалтай хэрэг.

Мөн элчин сайдын яамнаас хоёр дахь өдөр л зөвхөн 100 гаруй дугаар тараадаг. Энэ дугаараа авах гэж бас л маш эрт ирэх шаардлагатай. Тэгээд цайны цаг болсон гээд л гараад явчихдаг. Энэ цагаа сунгаж болдоггүй юм уу. Дээрээс нь нэг зүйл хэлэхэд хэд хоногийн өмнө Хятад дахь Монголын оюутны холбооных гээд нэг охин үүссэн нөхцөл байдлын эсрэг гээд гарын үсэг цуглуулаад өгнө гээд явж байсан. Гэтэл гарын үсэг зурсан хүмүүсийг нь элчингээс нэрийг нь аваад хар дарчихдаг гэсэн болохоор зурах хүн олдохгүй, бүгд нуудаг.

Бид өнөөдөр хөгжингүй оронд, 21 дүгээр зуунд амьдарч байна. Нэг QR код гаргаад, онлайнаар бүртгээд очих өдөр тогтоодог байж болмоор л юм. Дээр байгаа хүмүүс энд зогсож байгаа хүмүүсээс илүү ухаантай баймаар. Үнэн хэрэгтээ Хятадууд сүр хүчээ л харуулж байна. Бидний хажуугаар явж байгаа бүх хүмүүс зураг аваад л Хятад руу явах гэж ингэж дугаарлаж байна гээд ярьдаг" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Дугаарлан зогсож буй өөр нэг иргэн “Миний хувьд энэ намраас эхлэн бакалаврт тэтгэлгээр суралцахаар болсон. Элчингээс долоо хоногийн хоёр дахь өдөр л дугаар тараадаг. Тэр дугаарыг авах гэж би арав хоног дугаарласан. Одоо материалаа өгөх гээд зогсож байна.

Миний ард 800 гаруй хүмүүс бий. Тэр хүмүүсийн сургуулиас ирсэн урилга нь есдүгээр сарын 1-нээс өмнө ирээрэй гэсэн бол өмнө нь визнийхээ хариуг авч бараг  чадахгүй. Үүнээс болоод наагуур цаагуур таньдаг хүнээрээ яриулах асуудлууд үүсдэг бөгөөд сургуульдаа товлосон цагтаа очиж амжихгүй асуудал гардаг. Энэ байдлыг өөрчилж болдоггүй юм уу” хэмээв. 

Эх сурвалжаа хамгаалах үүднээс нэрсийг нууцалсан болно. 

 

ФОТО СУРВАЛЖИЛГА:  
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг