Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Трампын хатгаасаар конгрессын хоёр гишүүнийг нутагтаа нэвтрүүлэхгүй болсныг зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Палестинчуудын эсрэг бодлогод нь шүүмжлэлтэй ханддаг АНУ-ын конгрессын хоёр гишүүн эмэгтэйг Израйль улс нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Конгресст шинээр орж ирсэн Ардчилсан Намын гишүүд болох Мичиган мужийн Рашида Тлайб, Миннесотагийн Илхан Омар нар исламын шашинтнууд юм.

Тэд бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны бодлогыг хатуу шүүмжлэгчид. Сонирхолтой нь Дональд Трамп тэдгээр гишүүдийг Израйль улс хилээрээ нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй гэж твиттер хуудсандаа бичсэнийх нь дараа удалгүй ийм шийдвэр гарсан байна.

Америкийн улс төрийн дотоод маргаан зөрчилд гадаад улс оролцсон анхны тохиолдол гэж ажиглагчид үүнийг дүгнэж байгаа ажээ.

“Хэрвээ Израйль улс конгрессын гишүүн Омар, Тлайб нарын айлчлалыг зөвшөөрвөл сул доройгоо харуулсан хэрэг болно. Тэд Израйль улсыг, жүүд хүмүүсийг үзэн ядагчид бөгөөд тэдний үзэл бодлыг юу ч өөрчилж чадахгүй. Миннесота, Мичиган мужийн сонгогчид тэднийг сонгосондоо харамсах болно. Тэд бол шившиг!” гэж Трамп бичсэн юм.

Конгресс дахь Ардчилсан Намынхан Израйль улсын хийсэн алхмыг АНУ-ын конгрессыг дорд үзсэн явдал хэмээн шүүмжилцгээжээ. Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси энэ шийдвэрийг “Агуу Израйль улс нэр төрөө унагасан явдал” гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press