Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын засгийн газар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг хатуу шүүмжлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Солонгосын хойгийг Японы колоничлолоос чөлөөлсний 74 жилийн ой тохиож, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ард түмэндээ хандаж үг хэлсэн юм.

Энэ үеэр тэр дэлхийн хоёрдугаар дайны дараа хуваагдсан хоёр Солонгосыг 2045 он гэхэд энхийн замаар нэгтгэх боломжтой тухай ярьжээ.

Гэвч Умард Солонгосын дэглэм Мүүн Жэ Иний үгийг тун таагүй хүлээж авсан байна. Өнөөдөр өглөө тус улс хоёр пуужин тэнгисийн ус руу харвасан нь сар хүрэхгүй хугацаанд зургаа дахь удаагаа зэвсэг туршсан хэрэг байв.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд зориулан хариу мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан байлдааны сургуулилалт үргэлжилж байгаа энэ үед энхийн замаар нэгдэх тухай ярих утгагүй хэрэг гэсэн байна.

“Манай зэвсэгт хүчний ихэнх хэсгийг 90 хоногийн дотор устгах төлөвлөгөөтэй байлдааны сургуулилалт хийж байхдаа Солонгос хоорондын яриа хэлэлцээрийн тухай ярих нь ойлгомжгүй зүйл” гэж мэдэгдээд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг “үнэхээр ичгүүр сонжуургүй хүн юм” гэж шүүмжилжээ.

Пёньяны төв мэдээллийн агентлаг “Өмнөд Солонгосын талтай ярилцах зүйл бидэнд огт байхгүй” гэж мэдэгдлээ дуусгасан байна.

 

Эх сурвалж: BBC