Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Кремлийн хэрэм дотроос дайны үеийн тэсрээгүй бөмбөг олджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Кремлийн хэрэм дотор ажиллаж байсан барилгын ажилчид 80 орчим жилийн өмнөх тэсрээгүй бөмбөгийг олсон байна.

Москва голын эрэг дагуух хэрэмний дотор байрладаг Тайницкийн цэцэрлэгийн хөрсийг бэхжүүлэх ажил хийж байх үеэр уг бөмбөг илэрсэн гэнэ.

1941-1942 онд Кремль нь Нацистуудын агаарын довтолгооны чухал бай болж байжээ. Энэ үеэр унасан бөмбөг газрын хөрсөнд олон жил хөндөгдөлгүй хадгалагдсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Бөмбөгийг өчигдөр Кремиэс гаргаж, аюулгүй болгожээ.

Сонирхолтой нь өчигдөр буюу наймдугаар сарын 15-н нь Оросын Археологичдын өдөр байсан юм. Тиймээс олон тооны сэтгүүлчид энэ өдрийн арга хэмжээнд оролцохоор Кремльд цуглаад байжээ. Бөмбөг илэрсний дараа тэднийг Кремлиэс нүүлгэн шилжүүлсэн байна.

Есөн зуу орчим жилийн арвин түүхтэй Кремльд археологийн судалгаа, малталт байнга хийгддэг. Энд хамгийн анхны барилга 12 дугаар зууны дундуур баригдаж байсан бол хана хэрмийг нь олон удаа сэргээн босгож байжээ.

Өнөөдрийн улаан чулуугаар босгосон бүтэц нь 1495 онд баригдаж дууссан гэдэг. Нийтдээ 275,000 м.кв талбай эзэлдэг Кремльд төрийн ордон, барилга байгууламжуудаас гадна музей, сүм, цэцэрлэг зэрэг байрладаг байна.

Оросын нийслэлийн нутаг дэвсгэрээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөг илрэх тохиолдол түгээмэл байдаг.

 

Эх сурвалж: Russia Today