Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Гринландыг худалдан авч, АНУ-д нэгтгэх санааг сонирхож байгаа тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том арал болох Гринландыг худалдан авч, АНУ-д нэгтгэх санааг ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан тухай баримтыг The Wall Street Journal мэдээлжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Трамп энэ талаар сонирхож байгаагаа дахин дахин илэрхийлж байсан гэнэ.

Гринланд нь одоо Данийн Вант Улсын өөртөө засах эрхтэй газар нутагт тооцогддог, 56,000 орчим хүн амтай. Орон нутгийн засаг захиргаа нь дотоод асуудлаа мэддэг бол гадаад харилцааг нь Дани улсын засгийн газар зохицуулдаг байна.

Сүүлийн жилүүдэд умард туйлын бүс нутаг дэлхийн их гүрнүүдийн анхаарлыг улам бүр татах болсноос Гринландын геополитикийн ач холбогдол өсөж байгаа. Гринландын аралд дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт орших АНУ-ын цэргийн бааз байрладаг.

Дональд Трамп ерөнхийлөгчийн хувиар анх удаа Данийн Вант Улсад ирэх есдүгээр сард айлчлах гэж байгаа. Гэхдээ энэ айлчлалтай Гринландын асуудал хамаагүй гэдгийг албаны эх сурвалж баталсан байна.

АНУ 1867 онд Аляскийг Оросын хаант улсаас худалдан авч байсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн уг арлыг $100 саятай тэнцэх алтаар худалдаж авах саналыг Дани улсад тавьсан ч татгалзсан хариу авч байжээ.

 

Эх сурвалж: The Wall Street Journal