Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад эдийн засгийн сануулга өгөх зорилгоор Хонг Конгийн тэмцэгчид ATM-үүдийг хоосолж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн тэмцэгчид эрх баригчдад сануулга өгөх зорилготой тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх шинэ аргыг өнөөдрөөс хэрэглэж эхэлжээ.

Өнөөдөр буюу Баасан гарагаас эхлэн тэд ATM-ээс аль болох их бэлэн мөнгө гаргах, мөн бэлэн мөнгөө ам.долларт хөрвүүлэх хөдөлгөөн эхлүүлж байна.

Хонг Конгчуудын өдөрт авах бэлэн мөнгөний дээд хязгаар $20,000 байдаг тул тэмцэгчдийн зарим нь өчигдрөөс хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү тэмцлийг “Cashout HKD to USD” хэмээн нэрлэж байна. Хөдөлгөөнийг санаачлагчдын мэдээлснээр Пүрэв гарагт нийт 70 сая гаруй хонг конг долларыг ($9 сая орчим) тэмцэгчид ATM-ээс бэлнээр гаргасан гэнэ.

Сошиал сүлжээнд 400 гаруй хүн бэлэн мөнгө авсан үйлдлээ баталгаажуулсан бол уг хөдөлгөөний Телеграм сувагт 1,500 гаруй хүн нэгджээ.

Тэмцлийг санаачилсан Хонг Конгийн оюутан “Энэ арга нөлөө үзүүлж магадгүй. Учир нь Бээжингийн эрх баригчид, захирагч Кэрри Лам нар Хонг Конгийн эдийн засагт хамгийн их санаа зовж байгаа” гэж хэвлэлд ярьжээ.

Британийн колони байсан онцгой статустай хотын иргэд 10 дахь долоо хоногтоо эрх баригчдын эсрэг тэмцэж байгаа бөгөөд тэд “гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн татах, тэмцэгчдийг үймээн самуун дэгдээгч гэж нэрлэхээ болих, тэмцэгчдэд ял тулгахаа зогсоох, цагдаа нарын харгис үйлдлийг шалгаж, шийтгэх, хотын хууль тогтоох байгууллагыг тарааж, дахин сонгууль явуулах” гэсэн шаардлагуудыг тавьж байна.

Хонг Конг бол Азийн санхүүгийн том төв бөгөөд эх газрын Хятадын эдийн засгийг гадаад ертөнцтэй холбодог чухал гүүр юм.

 

Эх сурвалж: Business Insider