Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсан дахь үерийн хамгаалалтын зурвасуудад шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын зурвас Зайсангийн 1, 2, 3 дугаар сувагт үзлэг шалгалт хийжээ.

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Шамбалын орон Зайсан хоёрдугаар суваг дээр зохих зөвшөөрөлгүйгээр долоон ил кабель, үзлэгийн худаг тав, автозамын гүүр болон явган хүний түр гүүр тус тус хоёр, дөрвөн дулааны хоолой байрлуулсан байна.

Мөн үерийн хамгаалалтын зурваст хашаагаа тулгаж буусан найман айлд албан шаардлага хүргэжээ.

Үерийн хамгаалалтын ханыг цоолж, ус зайлуулах хоолой хийсэн байжээ.

Мөн Ар-Зайсан ТАУН ХАУС-ын хашаан дотор байрлаж буй үерийн хамгаалалтын зурвас дээр хашаа барьсан зөрчлийг илрүүлж албан шаардлага өгсөн байна.

Тус хорооны иргэний барилгын хашаан доторх суваг дээр хавтан тавьж гарц хийсэн байжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн барилгын ойролцоох сувагт үзлэг хийлээ. Үзлэгээр үерийн хамгаалалтын байгууламжийг далдалж барилга барьсан зөрчил гарчээ.

Зайсан REAK хотхон дотор байрлах суваг дээр нэг гүүрэн гарц, хоёр ил кабель, хоёр дулааны шугам хоолой, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан болон нэг зайрмагны цэгийг илрүүлж холбогдох хүмүүст албан шаардлага өгчээ.

Мөн Велла беста-4 төслийн хүрээнд сувгийн хажууд барилгын ажил явагдаж байна. Захиалагч Чингис-Эко тур ХХК, туслан гүйцэтгэгч Стандарт холдинг/, ХАБЭАИ Б.Маргад-Эрдэнэ барилга барих явцдаа үерийн хамгаалалтын зурвасыг далд оруулсан зөрчилтэй тул албан шаардлага өгсөн байна.

Зайсан нэгдүгээр сувгийн үзлэг шалгалтаар сувгийн хамгаалалтын бүсэд нэг цахилгааны кабель, хоёр ус гаргуур хэсэгт хоолой суурилуулсан зөрчил илрүүлж холбогдох эздийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

11 дүгээр хорооны далан сувгийн хажууд нэг худаг, гэр хороололын дундуур ил байх сувгийг далдалж айл өрхүүд хашаа хатган суурьшсан зөрчил байна.

Мөн Зайсан нэгдүгээр сувагт хоёр гүүрэн гарц, хоёр авто замын гүүрний хэсэгт цахилгааны кабель, хоёр дулаан хөндлөн турба, суваг дээр гарцны зориулалтаар байрлуулсан гурван хавтан, үерийн хамгаалалтын зурваст хашаа барьж суурьшсан нэг айлд албан шаардлага өгсөн аж.

Зайсан гуравдугаар сувагт хийсэн үзлэгээр дөрвөн худаг, хоёр цахилгаан дулааны хоолой, үерийн хамгаалалтын зурваст байрлуулсан гурван хавтан байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

 

Эх сурвалж: НМХГ