Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ эзэн хаан дайны үеэр хийсэн үйлдэлдээ гүн харамсал илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгснийхөө 74 жилийн ойг тэмдэглэж, дайнд амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэлээ.

Тавдугаар сард сэнтийд заларсан 59 настай шинэ эзэн хаан Нарухито эцгийнхээ нэгэн адил дайны үеэр Япон улсын хийсэн үйлдэлд гүн харамслаа илэрхийлсэн байна.

Эцэг Акихито хаанаас ялгаатай нь тэр хоёрдугаар дайныг огт үзээгүй хүн ажээ. Одоо 85 настай өмнөх хаан 2015 оноос хойш жил бүрийн энэ өдөр “гүн харамсал” илэрхийлсээр ирсэн юм.

Ниппон Будокан ордонд ёслолын арга хэмжээнд оролцсон Японы ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн түүхээсээ суралцаж, дахин дайн өдөөхгүй байхаа амлажээ.

Гэхдээ тэр Азийн орнуудад учруулсан хохирлын талаар дурдалгүй, зөвхөн өөрийн улс үндэстний хохирлын талаар ярьсан байна.

“Дайны үеэр манай орны гурван сая гаруй иргэн амиа алдсан билээ. Дайнд золиослогдсон эдгээр хүмүүсийн үнээр өнөөдрийн энх тайван, хөгжил дэвшил олдсон гэдгийг бид хэзээ ч мартах ёсгүй” гэж тэр хэлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы 2.3 сая цэрэг, 800,000 орчим энгийн иргэн амиа алдсан байдаг. Үүнд Хирошима, Нагасакид АНУ-ын хаясан атомын бөмбөгт үрэгдсэн хүмүүсийн тоо багтаж байгаа.

Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд оролцсон хүмүүсийн 80 орчим хувь нь 70-аас дээш насныхан байжээ. Хамгийн ахмад нь Токиогийн Хачиожигоос ирсэн 97 настай Хару Учида байсан бол хамгийн залуу нь дөрвөн настай хүүхэд байв.

Жил ирэх тутам уг арга хэмжээнд оролцдог дайныг биеэр үзсэн хүмүүсийн тоо буурч байгаа. 2011 оноос хойш дайнд үрэгдсэн хүмүүсийн эцэг эхчүүдээс ганц ч хүн ирэхээ больсон гэнэ.

20 жилийн өмнөх ёслолд дайнд эр нөхрөө алдсан 777 эмэгтэй уригдаж байсан бол энэ жил ердөө таван хүн үлдсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo News