Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүдийн тоог 108 болгох эсэхийг цаасаар санал хурааж "шийднэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох, сонгуулийн тогтолцоотой холбоотой Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжих эсэхийг бүлгийн хурлаар хэлэлцэж байна.

Гишүүд дээрх саналуудаар нэгдсэн байр сууринд хүрэхгүй байгаа учраас бичгээр санал хураалт явуулахаар болжээ. Гэхдээ уг санал нь эцсийн шийд болохгүй бөгөөд бүлгийн хурал эхэлсний дараа ямар байдлаар эцэслэн шийдвэрлэхээ тохирох аж. 

Одоогийн байдлаар МАН-ын бүлгийн хурал эхлээгүй байна. Уг нь өнөөдрийн 10:00 цагаас бүлгийн хурал эхэлсэн ч түр завсарлаж, 15:00 цагаас үргэлжлэхээр тогтсон боловч ийнхүү хойшилсоор байгаа юм. 

Хэрэв санал хураалтаар дээр дурдсан гурван асуудлыг шийдэж чадвал МАН-ын бүлгийн байр суурь тодорхой болж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил шуударна. Харин УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дэх шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтүүдээс шүүгчийн томилгоотой холбоотой заалтуудыг Ерөнхийлөгч хасах санал гаргасныг Зөвшилцлийн ажлын хэсэг хүлээж авах шийдвэр гаргасан билээ. Харин МАН-ын бүлэг уг саналыг Зөвшилцлийн ажлын хэсгийн шийдсэнээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, гишүүдийн өргөн барьсан төсөл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарласан заалтуудыг хасах нь зүйтэй гэж үзжээ.