Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гинжнээсээ мултарсан Квэнтин Тарантино

ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
 
https://www.kickstarter.com

Reservoir Dogs, Pulp Fiction, Jackie Brown, Kill Bill, Death Proof, Inglourious Basterds, Django Unchained, Hateful eight гэх найман бүтээлээрээ бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэгт тооцогдох болсон Квэнтин Тарантиног Холливүүдын киноны содон үзэгдэл төдийхөн биш харин кино урлагт хувьсгал хийсэн шинэчлэгч гэж үздэг.

Хичээлээ тасалж кино үздэг, сурлага муутай байсан тул 9-р ангиасаа сургуулиа хаясан Тарантино кино урлагийн нэвтэрхий толь, харилцан яриа бичихдээ хэнийг ч дагуулахгүй.

Тарантино “Би хичээлдээ үнэхээр муу байсан. Би зөв бичиж бараг чадахгүй, юу ч тогтоодоггүй. Харин хэн аль кинонд тоглосон, хэн найруулагч нь болоод киноны үйл явдлыг яг таг мэддэг байлаа” гэсэн удаатай.

Зүдрүүхэн гэр бүлд төрсөн Тарантино өдрийн цагийг телевизийн өмнө өнгөрүүлж хүүхэлдэйн киноноос авхуулаад том хүний ч хамаагүй бүх л киног үзэж өсжээ.

1994 онд Канны Алтан далдуу модны шагнал авсан Pulp Fiction дээр дээр гардаг бяцхан хүү Буч хуучны зурагтын өмнө гав ганцаараа суух үзэгдлийг Квэнтин өөрийн амьдралаасаа сэдэвлэсэн гэдэг. Хүү сургуульд ороод дөнгөн данган бичиж сурангуутаа эхчүүдийн баяраар ээждээ зориулж богино зохиол бичив. Зохиолын төгсгөлд ээж нь маш эмгэнэлтэйгээр нас барна. Хүү ээжээсээ олон дахин уучлалт гуйн “Та бол энэ дэлхийн хамгийн сайн ээж. Гэсэн ч зохиолын өрнөлөөс болоод төгсгөлд нь та зайлшгүй үхэх ёстой” гэсэн нь өөртөө хэр итгэлтэй, зохиолоо үхэн хатан хамгаалдаг чанар нь аль хүүхэд байхаас нь илэрсэн гэлтэй.

Хамгийн анхны бие даасан бүтээлээ хийтлээ видео кино түрээсний газар цагийн 4 долларын цалинтай ажилладаг байсан Тарантино кино хийх талаар ямар нэгэн сургуульд сурч, хэн нэгнээр заалгаагүй юм.

Анхны бичсэн кино зохиолынхоо зургийг өөрөө авчээ. Мөнгө багатай болохоор Баасан гарагийн орой камер түрээслээд хагас бүтэн сайнаар нойргүй ажиллаад Даваа гарагийн өглөө камераа буцааж тушаах нь арай хямд тусдаг байж. Хэзээ ч бэлэн болоогүй энэ киног Тарантино өөрийнхөө суралцаж болох кино урлагийн хамгийн хямд сургуульд тооцдог.

Түүний кино нь цус урссан хүчирхийлэл, аллага таллагаар дүүрэн гэж зэмлүүлдэг ч бүтээл бүрээс нь яруу найраг, уран сэтгэмж мэдрэгдэнэ.

Театрт гарч дөнгөлгүй шууд видеогоор түрээслэгддэг хөгийн хямдхан киноноос авхуулаад бүх л киног ялгалгүй үзэж үнэлдэг Тарантино өөрийн бүтээлээрээ Холливүүдын классик, Италийн барууны, Хонгконгийн зодоонтой кинонд мэхийн ёсолсон байдаг.

 

Тарантиногийн тухай герман хэлээр бичигдсэн анхны намтар “Гинжнээсээ мултарсан Квэнтин Тарантино” номыг Нэпко хэвлэлийн газар орчуулж гаргасан байна.

Номд Тарантиногийн найруулсан, бичсэн, хамтарч хийсэн кинонууд хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд, алиа хошин түүхүүд багтжээ.

Нэгэнтээ Холливүүдыг шинэчилж байсан Тарантиног өнөөдөр кино урлагийн өвийг хадгалагч сүүлчийн жинхэнэ кино найруулагч гэж нэрлэдэг. Тэрбээр нийт 10 кино хийгээд зодог тайлахаа зарласан билээ.  Түүний ес дэх кино болох “Once upon a Time in Hollywood” ирэх долоо хоногт Улаанбаатарын кино театруудад гарч эхлэх гэж байгаа билээ.

 

Номын орчуулагч: Н.Цэнгэлсайхан