Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин ИХ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн эхний долоон сарын үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөг буюу 18.4 хувиар өссөнийг мэдээллийн үеэр онцлов. 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого ийнхүү өсөхөд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг буюу 21.7%-иар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр буюу 39.8% өссөн нь голлон нөлөө үзүүлжээ.  

Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны хоёрдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.9 мянган төгрөгөөр буюу 9.6%-иар өссөн байна.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага энэ оны хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 (18.5%) мянган төгрөгөөр өсжээ.

Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 (19.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж. 

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:

 
Эх сурвалж: ҮСХ

"Энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300,000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300,001-500,000 төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурсан. Харин 1,600,001-2,100,000 төгрөгийн орлоготой өрх 24.6 мянгаар, 2,100,001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн" гэдгийг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан хэллээ. 

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд:

 
Эх сурвалж: ҮСХ

Нэмж сонирхуулахад Тейлийн индекс 2019 оны хоёрдагаар улиралд 0.193 болж, өмнөх оны мөн үеэс 0.012 нэгж, өмнөх улирлаас 0.027 нэгжээр тус тус нэмэгджээ. 

Тейлийн индекс нь орлогын ялгаатай бүлгүүдийн хувьд тэгш бус байдлыг илэрхийлэх тухайн бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулдаг. 

Иймд улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар улиралд хүн амын нийт хэрэглээнд,

  • Хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ 7.4%,
  • Хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.5 хувийг эзэлж байгаа юм. 

Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж буй юм.