Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хонг Конгийн асуудалд “хүнлэг” хандахыг Ши Жиньпинд анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн асуудалд харьцангуй хүлээцтэй хандаж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсандаа Хятадын төрийн тэргүүнд хандсан мэдэгдэл нийтэлжээ.

Тэрээр хоёр орны дунд үргэлжилж байгаа худалдааны дайныг эцэслэх яриа хэлэлцээг Хонг Конгийн асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд хөшүүрэг болгон ашиглах санааг цухуйлгасан байна.

“Мэдээж Хятад улс бидэнтэй худалдааны гэрээ байгуулахыг сонирхож байгаа. Гэхдээ тэд эхлээд Хонг Конгийн асуудлыг хүнлэг аргаар шийдэх хэрэгтэй!” гэж Трамп бичжээ.

Дараа нь тэр “Би Хятадын дарга Шиг сайн мэднэ. Тэр бол ард түмэндээ хүндлэгдсэн агуу удирдагч. Тэр бас хүнд хэцүү асуудлыг шийдэхдээ гарамгай хүн. Ши дарга Хонг Конгийн асуудлыг түргэн бөгөөд хүнлэг замаар шийдэж чадна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Уулзах хэрэгтэй юу?” гэж бичсэн байна.

Сүүлд бичсэн үг нь асуудлыг шийдэхэд Трамп биечлэн туслах санал тавьж буйг илэрхийлсэн хэрэг бололтой.

Өчигдөр өглөө АНУ-ын хоёр намын конгрессийн гишүүд Хонг Конгийн хямралыг Хятад улс хүч хэрэглэн зохицуулахаас болгоомжилж байгаагаа илэрхийлээд уг асуудалд хатуу байр суурьтай байхыг ерөнхийлөгч Трампад уриалсан юм.

Үүний дараа төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа Хятадын цэрэг Хонг Конгийн хил дагуу байрласан явдалд АНУ сэтгэл түгшиж байгааг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP