Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конг болон АНУ-ын хөрөнгийн зах зээл хоёр долоо хоног дараалан уналаа

ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед АНУ-ын бондын өгөөжийн муруй урвуу хэлбэрт шилжсэн талаар шинжээчид ихээхэн онцлох боллоо.

Энэ нь урт хугацаатай бондын хүү нь богино хугацаатайгаас бага болохыг хэлдэг. Тодруулбал, өнөөдөр АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГ-ын бондын хүү 1.58 хувьд хүрсэн бол бол гурван сарын хугацаатай үнэт цаасны хүү нь 1.95 орчимд хэлбэлзэж байна. Онолын хувьд урт хугацаанд илүү тодорхой бус байдал байх бөгөөд үүний хэрээр эрсдэл өндөр, хүү өндөр байх ёстой боловч өнөөгийн бодит нөхцөл байдалд эсрэг дүр зураг ажиглагдаж байгаа юм. Энэ нь санхүүгийн зах зээлд оролцогчид урт хугацааны санхүүжилтаас татгалзаж аль болох богино хугацаатай санхүүжилт татан урт хугацааны төлөвлөлт хийхэээс зайлсхийж буйтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, цаашдын урт хугацааны төлөв байдалд итгэх итгэл буурч байна гэсэн үг. 

2009 оны хямралын өмнө мөн адил нөхцөл байдал ажиглагдсан бөгөөд шинжээчид одоогийн нөхцөл байдлыг хямралын урьдач нөхцөл байх вий гэж санаа зовинож эхэллээ. Ийнхүү урт хугацаанд итгэх итгэл суларч буйг гадаад худалдааны дайн хүндэрч, ужгирсантай холбон тайлбарлаж байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалд үндэслэн Голдман Сакс хөрөнгө оруулалтын банкнаас АНУ-ын эдийн засагт уналт тохиох эрсдэл нэмэгдсээр байгааг анхааруулж эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 0.2 хувиар бууруулан IV улиралд өсөлт 1.8 хувьд хүрэх таамаг гаргажээ. Тэдний үзэж буйгаар гадаад худалдааны дайн ирэх жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл шийдэгдэхгүй гэсэн байр суурьтай байна. 

Мөн АНУ-ын Сангийн яамны сайд, Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Саммерс Блүүмбергт өгсөн ярилцлагадаа “зөвхөн АНУ-д уналт болох эрсдэл байж болох хэвийн түвшинээсээ өсчихөөд байна. Хоёрын өмнөхөөс улам их өссөн. Галаар тоглож болно. Харин хэтэрхий их тогловол түлэгдэх болно” гэжээ. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЖиПиМорган банкны зүгээс “гадаад худалдааны дайн нь компаниудын урт хугацааны хөрөнгө оруулалтыг удаашруулж, зогсоож байна” гэж дүгнэжээ. Мөн “Бид энэ төрлийн киног өмнө нь үзэж байсан. Эртхэн байрлалаа эзлэх хэрэгтэй” гэж тус банкны урт хугацааны хөрөнгө оруулалтын ахлах зөвлөх Лоес хэлсэн байна. Тэрээр “процесс бидний таамаглаж байснаас хурдан өрнөж байна. Бондын хүүг одоогийн түвшинд ирэх хугацааг нэг жилийн дараа гэж харж байсан бол нэг сарын дараа болчихлоо. Загварын таамаглалаас бодит байдал хурдтай өөрчлөгдөж байна” гэжээ. 

Үүсээд буй нөхцөл байдалд ерөнхийлөгч Трамп Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Жероме Повелыг буруутган, дахин шүүмжилжээ. Түүний үзэж буйгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ илүү хурдан, илүү их хувиар бууруулах ёстой аж. 

Ийнхүү сангүүгийн зах зээлд доргио орж ирсэнтэй холбоотойгоор АНУ-ын банкуудын хувьцааны ханш өчигдөр огцом буурлаа. Учир нь эдийн засгийн сулрал нь банкны секторт хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. Голдман Сакс, ЖипиМорган, Банк оф Америка, Сити Группын хувьцааны ханш 3-4 хувиар буураад байна.

 

“Гадаад худалдааны дайн эхэлснээс хойш хамгийн түрүүнд уналт үзүүлсэн зах зээл бол Азийн хөрөнгийн зах зээл, тэр дундаа Хонг Конг юм. Өнгөрсөн оны эхнээс өнөөдрийн хүртэл Хонг Конгийн хөрөнгийн зах зээл 7 хувиар буурсан бол АНУ-ын зах зээл 3.4 хувиар буураад байна. Өнгөрсөн жил Хонг Конг унахад АНУ төдийлөн унахгүй байсан бол энэ жил хоёул унах хандлага ажиглагдаж байна. Энэ бол гадаад худалдааны сөрөг нөлөө АНУ-д нөлөөлж буй хэрэг. Техник шинжилгээний үүднээс харвал Хонг Конгийн зах зээлд аль хэдийнээ уналт эхэлсэн гэж үзэж болохоор байгаа бол АНУ-ын зах зээлд уналт эхэлсэн гэж хэлэхэд эрт байна.

Харин АНУ-ын Холбооны нөөцийн банк есдүгээр сард болох хурлаараа бодлогын хүүгээ бууруулахгүй бол уналт улам үргэлжлэх нь тодорхой болно. Нөхцөл байдал улам хүндэрвэл 2009 оноос хойш тасралтгүй өссөн түүхэн дэхь хамгийн урт “бух” зах зээл удахгүй төгсгөлөө тавьж, унах хандлагаруу шилжиж магадгүй. Иймээс ирэх сард болох Холбооны нөөцийн банкны хурлын шийдвэр, өнгө аясыг онцгой анхаарах нь маш чухал” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас үзэж байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.