Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан улс Кашмирын төлөө эцсээ хүртэл тулалдахад бэлэн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Пакистан улс шаардлага гарвал Кашмирын төлөө эцсээ хүртэл тулалдахад бэлэн гэж тус улсын ерөнхий сайд Имран Хан өчигдөр өөрийн захиргаанд байдаг хилийн маргаантай бүсэд очихдоо хэлжээ.

Өчигдөр Пакистан улсын тусгаар тогтнолын баярын өдөр байсан бөгөөд Хан зориуд энэ өдрийг тааруулан Кашмирт очсон байна.

Саяхан Энэтхэг улс өөрийн захиргаанд байдаг Кашмирын хэсгийн өөртөө засах статусыг цуцалж, төв засгийн газрын шууд захиргаанд нэгтгэхээр болсон юм.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн энэ алхмыг Имран Хан “стратегийн алдаа” гэж нэрлэжээ.

Энэтхэг, Пакистан улсуудын хувааж захирдаг Кашмир бол дэлхийн хамгийн аюултай бүс нутгуудын нэг. Цөмийн зэвсэгтэй хоёр хөрш хоёул Кашмирыг бүхлээр нь өөр өөрийн газар нутаг гэж 70 гаруй жилийн турш маргаж, хоёр удаа дайн хийсэн юм. 

Пакистаны харъяа Кашмирын төв Музаффарабад хотод үг хэлэхдээ Имран Хан өөрийгөө энхийг эрхэмлэгч болгон харуулахыг зорьжээ.

“Би дайныг хүсэхгүй байгаа. Гэвч тэд яриа хэлэлцээр хийхийг хүсэхгүй байна. Дайн бидний асуудлыг шийдэхгүй ч шаардлагатай бол бид эцсээ хүртэл тулалдана. Энэ тэмцлийн үр дүнд Кашмир тусгаар тогтнох ёстой” гэж тэр хэлсэн байна.

Энэтхэгийн захиргааны Кашмир мужид одоо олон мянган цэрэг байрлаж, интернэт, харилцаа холбоог нь тасалж, хөл хорио тогтоогоод байгаа.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тус мужийн өөртөө засах статус нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг хааж боомилж байгааг дахин дахин ярьж байна.

Өнгөрсөн долоо хоногт төв телевизээр хэлсэн үгэндээ тэр Кашмирын өөртөө засах статусыг цуцалснаар тус бүс нутагт терроризм устаж, тогтвортой байдал бий болно гэж ярьжээ.

Өнөөдөр Энэтхэг улс 1947 онд Британийн колоничлолоос чөлөөлөгдсөний ойгоо тэмдэглэж байна.

Харин хөрш Пакистан улсад энэ өдрийг “хар өдөр” хэмээн зарлаж, төр захиргааны байшин барилгуудын дээр мандуулсан далбаануудаа ишнийх нь тал хүртэл буулгахаар болсон юм.

Имран Хан хөрш Энэтхэгийн засгийн газрын хинду шашин ноёлох үзлийг “Нацист үзэл санаа” гэж нэрлээд “Тэд Энэтхэгт муслим хүн амьдрах орон зай үлдээхгүй байхыг санаархаж байна” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: CNN