Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн хилд бөөгнөрсөн хуягт машинуудыг хиймэл дагуулын зураг харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг, техникүүд Хонг Конгийн хилд ирээд байгаа тухай мэдээ энэ долоо хоногийн эхээр цацагдсан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч уг мэдээллийг баталсан.

Тэгвэл Хонг Конгтой хил залгаа Хятадын Шэнжэнь хотын стадионд олон тооны байлдааны хуягт тэрэг байрлаад байгааг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ.

Maxar компанийн WorldView хиймэл дагуулаас буулгасан зурагт Шэнжэний Shenzhen Bay Sports Center олон зориулалтын стадионыг үзүүлсэн байна. Уг стадион Хонг Конгийн хилд ойрхон байрладаг.

Бээжингийн эрх баригчид Хонг Конгод өрнөж буй үймээнийг дэгдээгчдэд сануулга өгөх зорилгоор ийм арга хэмжээ авч байж магадгүй юм. Тус хотын тэмцэгчид олон улсын нисэх буудлын ажиллагааг хоёр өдрийн турш саатуулсны эцэст өчигдөр өглөө хэвийн горимд шилжсэн.

Хятадын хэвлэлүүд Шэнжэньд урьдчилан төлөвлөгдсөн цэргийн сургуулилалт болж байгаа гэж мэдээлж байна. Даваа гарагт Хятадын Коммунист Намын англи хэл дээр нийтлэгддэг Global Times сонины твиттер хуудас хуягт тэргийн цуваа Шэнжэньд орж ирж буй дүрсийг үзүүлж байв.