Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Торгуультай тээврийн хэрэгслийн 72.2 хувь нь торгуулиа төлөөгүй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд нийт 890 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 520 мянга гаруй нь нийслэлд хамаардаг байна.

Үүнээс 430-450 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэсэн тоон мэдээлэл бий. 

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замыг гурван бүсчлэлд хуваах тухай асуудал сүүлийн үед хүн бүрийн сонирхлын ихээхэн татаад байгаа билээ.

Нийслэлийн автозамыг үнэхээр бүсчлэлд хуваах эсэх асуудал өнөөдөр эцсийн байдлаар шийдэгдэх юм. Харин өчигдөр иргэдийн дунд явуулсан санал асуулгад нийт 2,800 гаруй хүн санал өгч, 65 хувь нь дэмжихгүй гэсэн үр дүн гарчээ. 

Хэрвээ бүсчлэлд хуваасан тохиолдолд торгуультай автомашиныг А болон В бүс рүү нэвтрүүлэхгүй хэмээн тусгагдсан юм.

Гэтэл 2019 он гарснаас хойш өчигдрийн байдлаар /2019.08.14/ нийт 948,812 торгуулийн шийдвэрийн хуудас таслагдсанаас 685,131 нь буюу 72.2 хувь нь торгуулиа төлөөгүйгээс гадна зарим нь замын хөдөлгөөнд оролцсоор байгаа аж.

Харин ердөө 27.8 хувь нь буюу 263,681 нь торгуулиа төлсөн байна.

2015-2019 он хүртэл улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгслийн торгууль төлсөн байдал

Мөн "Улсын хэмжээнд 10 ба түүнээс дээш торгуультай, торгуулиа төлөөгүй нийт 63,609 автомашин байгаа.

Үүнээс хамгийн олон торгуультай нэг автомашин нь 334 удаагийн торгуультай буюу ойролцоогоор 7-8 сая төгрөгийн төлбөрийг өнөөг хэрнэ төлж барагдуулаагүй байна" гэж Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б. Зоригоо хэлэв.

Тээврийн цагдаагийн албанаас бидэнд өгсөн тоо баримтыг харахад 2015 оноос хойш нийт 4.5 сая ширхэг торгуулийг тээврийн хэрэгсэлд оногдуулснаас 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байна.

Уг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны долоодугаар сарын 15-ний өдрийн 80 дугаар тогтоолын 3.2-т Зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг холбогдох дансанд тушаах үүрэгтэй гэж заасан байдаг.

Торгуулиа төлөөгүй автомашинд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Тээврийн цагдаагийн алба урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б. Зоригоогоос тодруулахад “Зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл нь 14 хоногийн хугацаанд оногдсон торгуулиа төлж барагдуулах үүрэг хүлээдэг.

Өөрөөр хэлбэл торгуулийн хуудас дээр 14 хоногийн дотор холбогдох дансанд тушаах ёстойг анхааруулсан нь бий.  Гэтэл заасан хугацаанд төлөхгүй, энэ үүргээ биелүүлэхгүй жолоочид байсаар л байна.

Уг нь Тээврийн цагдаагийн албанаас жил бүр нийслэлд 10-с дээш торгуультай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг түр хурааж аваад торгуулиа бүрэн төлж дууссаны дараа бичиг баримтыг нь өгөх байдлаар шийдвэрлэх ажлыг зохион байгуулдаг байсан.

Харин энэ жил тийм арга хэмжээ аваагүй учраас торгууль төлөхгүй байгаа тээврийн хэрэгслийн тоо их байна.

Ялангуяа орон нутагт тээврийн хэрэгслийн хяналт харьцангуй сул байгаа учраас орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл торгуулиа төлөхгүй хугацаа алдах тохиолдол гарч байна.

Нийслэлд тээврийн хэрэгслийн торгуулийн төлөлт 74.1 хувьтай байна.

Удахгүй энэ асуудалд тодорхой үүрэг чиглэл өгөх байх. Энэ оноос үнэмлэхээ шинээр авах болон хуучин машины шилжилт хөдөлгөөн хийх гэж буй автомашины торгуулийг заавал эхлээд төлүүлэхээр болсон" гэв.

Хууль зүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ын 4.2-д Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна гэж заасан байна.