Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хараат бус шүүхийг дэмжинэ"

ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг 27 жилийн хугацаанд 4 удаа өөрчилжээ. Өөрчлөлт бүр нь улс төрийн тодорхой ашиг сонирхолд хөтлөгдөж байсан. Эцэстээ нэг институтээс бүхэлдээ хамаардаг, шүүх эрх мэдэлдээ халтай байгууллага болж хувирсан. 

Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнийг тоог 4 удаа өөрчилсөн байна. 11, 17, 25 эцэстээ 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэй болгосон нь шүүгчийн ачааллыг бууруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох эсхүл шүүх бие даасан, шүүгч хараат бус ажиллах боломжийг баталгаажуулах гэхээс илүүтэйгээр шүүхэд хяналт тогтоох, улс төрийн үүрэг даалгавар өгөхөд чиглэж байсан нь тодорхой болсон.

Бүх шатны шүүгч, ерөнхий шүүгчийг томилох эрхийг нэг институтэд хадгалуулснаар шүүхийг, шүүгчийг мэргэжлийн байгууллага, албан тушаалтан байх зарчмыг эвдэж улс төрийн үүрэг гүйцэтгэгч болгосон. Улмаар шүүгчид нь шүүх байгууллага доторх улс төрчид болон хувирч, шүүхийн ерөнхий зөвлөл, ерөнхийлөгчийн институтийг дагасан улс төрийн марафонд гүйхээс өөр гарцгүй албат болсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчдэд сахилга ногдуулах эрх хэмжээг давхар хадгалуулснаар шүүгчдийг хариуцлагажуулах гэхээсээ илүүтэйгээр дуулгавартай байлгах хэрэгсэл болгон ашигласан. Энэ нь байгууллагын бүрэлдэхүүн, томилгооны зарчимд 3 удаа өөрчлөлт оруулснаас илэрхий харагдана. Эхэндээ ерөнхий шүүгчээс  бусад шүүгчдээ дарамтлах хэрэгсэл байсан бол одоо зөвлөлөөр дамжин шүүгчдэд нөлөөлөх улс төрийн хэрэгсэл болсон нь шүүмжлэл дагуулсаар байна. 

Энэ бүхэн өнөөдөр бий болоогүй. Эсхүл нэг хүнээс шалтгаалаагүй. Харин 27 жилийн туршид Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, зарчмаас аажим аажмаар хазайсны хор юм. Энэ хорыг 1992 онд олон улсын экспертүүд сануулж, шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийн томилогдох зарчмыг Үндсэн хуульд тусгах, хамгаалахыг зөвлөсөн байдаг. Мөн 2003 оноос эхэлсэн шүүхийн шинэтгэл, түүнтэй холбоотой олон судалгааны үр дүн шүүхийг бие даасан, хараат бус байлгах үндэслэл нь шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд шууд заахаас эхлэхээр тодорхойлсон. 

Иймд шүүх бие даасан, шүүгч хараат бус ажиллах нөхцөлийг хангах өөрчлөлтийг УИХ-ийн 62 гишүүнээс өргөн барьсан.

Энэ төслийг дэмжих нь 27 жилийн туршид үүссэн, өнөөдөр шүүмжлэл дагуулсан олон асуудлыг цэгцлэхэд бодиттой өөрчлөлт болж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь 62 гишүүний төслөөр (1) дээд шүүхийн бүрэлдэхүүнийг ерөнхий шүүгч, 21 шүүгч гэж заасан нь шүүхийн бүрэлдэхүүнээр дахин дахин тоглоход хаалт болох (2) шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 байх, үүний 5 гишүүн нь шүүгчдээс, засгийн газар болон мэргэжлийн холбооноос тус бүр 1 гишүүн, УИХ-аас 3 гишүүн байхаар төсөлд тусгасан нь ерөнхий зөвлөлийг улс төрийн нөлөөллөөс тусгаарлах, (3) Бүх шатны шүүгчдийг ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж, томилох, ерөнхийлөгч гагцхүү батламжлах эрх хэмжээтэй төсөлд тусгасан нь хууль хяналтын байгууллагын томилгоог нэг институтэд хэт төвлөрүүлсэн өнөөгийн зохицуулалтыг өөрчлөх, шүүх бие даасан ажиллах боломжийг нээж өгөх, (4) ерөнхий шүүгчдийг нийт шүүгчдийн дундаас сонгох зарчмыг тусгаж өгсөн нь ерөнхий шүүгчээр дамжсан шүүхийн удирдлагын тогтолцоог халах, (5) шүүгчийн хариуцлагын зөвлөл, түүний бүрэлдэхүүнийг 9 гишүүнтэй байхаар тусгаж, гишүүдийг 2/3 ийг эрдэмтэн, судлаач, олон нийтээс бүрдүүлэхээр зохицуулсан нь хариуцлагын хороогоор дамжуулан шүүгчдэд зүй бусаар нөлөөлөх боломжийг хязгаарлах болон хариуцлагын хорооны шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянахаар зохицуулсан нь шүүгчийн хариуцлагын зөвлөл хөндлөнгийн, бие даасан институт байх зэрэг чухал өөрчлөлтүүд төсөлд тусгалаа олсон.

Үүний зэрэгцээ шүүгчид, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийн нас, мэргэжил, мэргэшлийн шаардлагыг тодорхой, өндөр босготой болгосон, шүүхийн тогтолцоог засаг захиргааны нэгжтэй уясан тогтолцоог халахаар оруулж ирсэн нь энэ төслийн өөр нэг дэвшил юм. 

Иргэдийн олонхийн санал авсан улс төрийн нам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шүүгч хараат бус ажиллаж чадахгүй байгаа, шүүх эрх мэдлийн бие даасан байдал алдагдсаныг шүүмжилж, өөрчлөхийг санал болгож, шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ шинэчлэл бодитой үр дүнд хүрэх боломж байна.

Өмнөх их хуралууд, өмнөх ерөнхийлөгчдийн эрх мэдлийг өөртөө хэт төвлөрүүлсэн, Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарсан үйлдлийг засах, шударга ёсны зарчмыг тогтоох бодитой алхам нь 62 гишүүнээс өргөн барьсан төслийг дэмжснээр эхэлнэ. Ингэснээр шүүх, хууль хяналтын байгууллагаар сонгууль хийдэг, ардчиллын амин сүнс болох иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд шүүхийг ашиглаж халддаг бусармаг түүх давтагдахгүй байх боломж бүрдэнэ. Үүний учир хараат бус шүүхийг дэмжиж байна, дэмжихийг уриалж байна. 

 

Хуульч Д.Баяр