Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсгийн осол гарсан газрын ойролцоох тосгоны иргэдийг түр нүүлгэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын Архангельск мужид орших цэргийн баазад шинэ пуужин турших үеэр осол гарч, цөмийн мэргэжилтэн таван хүн амиа алдсан билээ.

Тэгвэл энэхүү баазын дэргэд оршдог Нёнокса тосгоны оршин суугчдыг Лхагва гарагийн өглөөний 5-аас 7 цагийн хооронд түр нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Осол болсон газар ямар нэг ажил гүйцэтгэх тул ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.

Тосгоны иргэдийг тусгай галт тэргээр нүүлгэх тухай орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.

Гэхдээ уг арга хэмжээг өргөн хүрээний нүүлгэн шилжүүлэх ажиллагаа биш болохыг мужийн захирагч Игорь Орлов сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Гадаадын мэргэжилтнүүд Орос улс цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин турших үеэр осол болсон гэж таамаглаж байгаа. Ийм шинэ зэвсэгтэй болж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд танилцуулж байсан юм.

Энэхүү шинэ зэвсэг нь онолын хувьд хязгааргүй зайг туулж, АНУ-ын хамгаалалтын системийг нэвтлэх чадвартай гэж Путин ярьж байв. Ийм байхын тулд пуужин дотор бага оврын цөмийн реактор байрлуулсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Өчигдөр Оросын байгаль орчны хяналтынхан гаргасан мэдэгдэлдээ ослын дараа Северодвинск хотод гамма цацрагийн түвшин хоёр цагийн турш зөвшөөрөгдсөн хэмжээнээс 16 дахин өссөнийг харуулжээ.

Северодвинск нь туршилтын талбайгаас 30 орчим километр зайтай оршдог. Ослын талаар хотын оршин суугчдад мэдээлэл хомс байгаа. Гэхдээ иргэд цацраг туяаны нөлөөг бууруулах үйлчилгээтэй иодыг олноор авч байгаа тухай тус хотын эмийн сангууд мэдээлжээ.

Ослын хохиргчдыг эмчилж байсан эмч нарын эрүүл мэндийг шалгахаар Москвад авч ирсэн тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлсэн байна. Эмч нартай ослын үеэр болсон үйл явдлыг нууцлах гэрээг байгуулсан тухай уг мэдээнд өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian