Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн хил рүү Хятадын цэрэг ойртож байгаа тухай АНУ-ын тагнуулын мэдээг Трамп уламжилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тагнуулын байгууллагынхаа мэдээлэл дээр үндэслэн Хятадын засгийн газар цэргээ Хонг Конгийн хил рүү нүүлгэж байгаа тухай твиттер хуудсандаа бичжээ.

Гэхдээ Трампын мэдэгдлээс өмнө хэвлэлүүд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг Хонг Конгийн хил рүү ойртож байгаа тухай мэдээлээд байсан юм. Трамп шинэ мэдээлэл цацав уу, эсвэл өмнөх мэдээллийг давтав уу гэдэг нь тодорхойгүй байна.

“Хятадын засгийн газар цэргээ Хонг Конгийн хил рүү нүүлгэж байгаа тухай манай тагнуулын байгууллага бидэнд мэдээллээ. Бүх талууд болгоомжтой, хүлээцтэй байх хэрэгтэй!” гэж тэр бичсэн юм.

Өчигдөр өглөө Нью Жерсигийн Морристаунд сэтгүүлчидтэй уулзахдаа Дональд Трамп “Хонг Конгийн нөхцөл байдал маш хүнд байна. Асуудал бүх талуудад, тэр дотроо Хятадын талд нааштай шийдэгдээсэй гэж би хүсэж байна. Хэн ч хохиролгүйгээр, эв зүйгээр шийдэгдээсэй. Хүний амь бүү үрэгдээсэй” гэж ярьж байжээ.

Өчигдөр үдээс хойш Хонг Конгийн олон улсын нисэх буудлыг эзлээд байгаа тэмцэгчидтэй цагдаа нар мөргөлдөөн үүсгэсэн юм. Британийн колони байсан тус хотод Бээжингийн нөлөөг эсэргүүцсэн тэмцэл эхлээд 10 дахь долоо хоногтойгоо золгож байна.

Уг тэмцэл нь Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний хувьд хамгийн хүнд сорилтуудын нэг болж байгаа юм. Зарим ажиглагчид Хонг Конгийн үймээн самууныг Бээжингийн эрх баригчид терроризмийн эсрэг хуулийн дагуу хүч хэрэглэн зохицуулах төлөвлөгөөтэй байж магадгүй гэж таамаглаж байна.

Хятадтай худалдааны ашигтай гэрээ байгуулахыг чармайж буй Дональд Трамп Хонг Конгод өрнөж буй үйл явдлын талаар хамаагүй мэдэгдэл хийхээс болгоомжилж байгаа.

Тэр саяхан Хонг Конгчуудын тэмцлийг “үймээн самуун” гэж нэрлээд шүүмжлүүлж байв.

 

Эх сурвалж: Reuters