Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрвээ чи сайн хүн бол чамд сайхан зүйл л тохиолдоно"

МОНСУДАР
2019 оны 8 сарын 13
Монсудар
Зураг зураг

Түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг Одри Хепбурний гол дүрд нь тоглосон "Тиффани дахь өглөөний цай" киног мэдэхгүй хүн бараг л үгүй. Трүмэн Капотигийн романаас сэдэвлэсэн энэхүү киног Интерфилмийн хамт олон энэ Пүрэв гарагт үзүүлэх гэж байна.

Зохиолыг эргэн саная:

Трүмэн Капотигийн хамгийн их амжилт дагуулсан уг зохиол 1958 онд анх хэвлэгдэн гарчээ. Үүнээс гурван жилийн дараа кино бүтээл болон үзэгчдэд хүрсэн ба та бидний сайн мэддэгээр зохиолын баатар Холли Гөлайтлийн дүрд Одри Хепбурн тоглосон. Холли бол 19 настай Техасын хөдөө нутагт өссөн охин бөгөөд Нью Йорк хотод нүүж ирээд удаагүй байгаагаар уг зохиолд дүрслэгдэнэ. Тэрээр огт ажил хийдэггүй агаад хөл хөдөлгөөн ихтэй том хотод ахимаг насны чинээлэг эрчүүдтэй цагийг өнгөрүүлж, тэдний мөнгөөр амьдардаг аж. Гэхдээ Капоти түүнийг биеэ үнэлэгч бус харин "Америкийн гейша" хэмээн дүрслэн хэлдэг. 

Холли нэг өдөр, гэрт нь ирсэн түрэмгий эрээс зугтаж, аврах шатаар явсаар зохиолын "нэргүй" хүүрнэгчийнд орж ирснээр тэд хоорондоо танилцана. Улмаар тэр хоёр өөр хоорондоо сайн ойлголцож, дотно нөхөрлөдөг. 

Капотигоос энэхүү романаа бичих болсон шалтгааныг нь асуухад тэрээр хариу болгож ийн өгүүлжээ: "Холли бол ертөнцийн нарыг нэгхэн өдөр үзээд л үрэгдэж алга болдог бяцхан эрвээхэй шиг, Нью Йорк хотод ирээд замхарч оддог залуу охид бүсгүйчүүдийн бэлгэдэл юм. Би ийм нэг охиныг хэн ч биш болж үрэгдэн одохоос аварч, түүнийг бодит амьдралд хадгалан авч үлдэхийг хүссэн.” 

Зохиолоос онцлох эшлэлүүд:

"Бид хамт байх ёстой хүмүүс биш. Тэр биеэ даасан хүн… би ч мөн адил."

"Би унтмааргүй байна, би үхмээргүй байна, би зүгээр л үүлэн тэнгэрийн чөлөөгөөр аялмаар байна" 

"Хэрвээ чи сайн хүн бол чамд сайхан зүйл л тохиолдоно. Тийм биз? Үнэнч байх хэрэгтэй гэх гэсэн юм...Хулчгар, дүр эсгэгч, сэтгэл хөөрөлтэй хууран мэхлэгч, биеэ үнэлэгч битгий бай! Хуурамч нэгэн байснаас хорт хавдар туссан нь дээр биз"

Энэхүү богино роман 1940-өөд оны Нью Йорк хотын нийгмийн амьдралыг үнэмшилтэй дүрсэлснээс гадна хамгийн алдартай хүмүүс болон газруудаар нь дамжуулж тухайн орчин, нийгмийн онцлогийг тун нарийн нямбай тодорхойлж чадсан зохиол юм. 

"Тиффани дахь өглөөний цай"-г өмнө нь үзсэн байсан ч Пүрэв гарагийн кино үдэшт (Интерном номын дэлгүүрт) хүрэлцэн ирж энэхүү сонгодог бүтээлээс дахин нэг гоё мэдрэмж аваарай. 

Мөн тус романыг монгол хэлнээ уншихыг хүсвэл: http://www.monsudar.mn/books/view/199/ холбоосоор дамжуулж захиалаарай.