Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Америк хүн бүрт бэлэн мөнгө өгөхийг амлаж буй нэр дэвшигчийг Илон Маск дэмжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр олон хүн өрсөлдөж байгаа.

Тэдний дотроос Эндрью Янг өвөрмөц амлалтаараа Америкчуудын анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр “Universal Basic Income” буюу Америкийн насанд хүрсэн хүн бүрт сар бүр ямар нэг нөхцөл тулгалгүйгээр $1,000 олгох санааг дэвшүүлж байгаа.

Уг төслөө тэр инновацид тулгуурласан бизнестэй компаниудын татвараар санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. 

Иргэн бүрт ажил хийдэг, хийдэггүйгээс нь үл хамааран хүний суурь хэрэгцээг нь хангах мөнгийг засгийн газраас төлөх санааг дэлхийн хэд хэдэн орон, бүс нутагт туршиж, янз бүрийн үр дүнтэй байгаа.

АНУ-ын хувьд энэ нь шинэ санаа биш. Олон жилийн өмнө конгрессийн зарим гишүүд, ерөнхийлөгч нар үүнтэй төстэй нийгмийн арга хэмжээг санаачилж байсан ч сенатад дэмжигдэлгүй унаж байжээ.

Тэгвэл Эндрью Янгийн санаачилгыг дэмжиж байгаагаа Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск саяхан твиттер хуудсандаа илэрхийлсэн байна.

Тэрээр Янгийг дэмжиж байгаагаа бичээд суурь орлогын зарчим ирээдүйд гарцаагүй хэрэгжих ёстой зүйл гэжээ.

Нью Йоркийн бизнесмэн, 44 настай Эндрью Янг ирээдүйд компаниудын үйл ажиллагаа автоматжиж, хүмүүсийг роботоор солих тул ийм компаниудаас хүн ажиллуулаагүйнх нь төлөө илүү татвар авах замаар иргэдийн суурь хэрэгцээг хангах ёстой гэж үздэг юм.

Илон Маск ч гэсэн ирээдүйд үйлдвэрүүд бүрэн автоматжиж, хүний оролцоогүй болно гэж үздэг.

Маск 2016 оны сонгуульд Ардчилсан Намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг дэмжиж байсан юм. Гэвч сонгуулийн дараа Трампын эдийн засгийн зөвлөхүүдийн багт уригдаж байв. Гэхдээ Маск зургаан сарын дараа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Трампын засаг захиргаатай санал зөрөлдсөн тул зөвлөхүүдийн багаас гарч байжээ.

 

Эх сурвалж: Business Insider