Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Арилжааны банкуудад итгэх итгэл 2017 оныхоос 17 пунктээр буурч, хөрөнгийн зах зээлийнх өнгөрсөн оноос 3% нэмэгдэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2019.04.08-ны өдрийн зураг

Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгааг өнөөдөр танилцууллаа. 

Санхүүгийн зах зээл дэх иргэдийн оролцоо, итгэх итгэлийг улсын хэмжээнд 1,000 хүнээс авсан санал асуулгаар харуулдаг энэхүү судлагааг 2016 оны III улирлаас хийж эхэлсэн байдаг. 

Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авчээ. Энэ нь өмнөх улирлаасаа 5.7 пунктээр өссөн дүн юм. Нийт иргэдийн 

  • 28.3% арилжааны банк
  • 8.7% нь ББСБ
  • 8.7% нь ломбард
  • 7.0% нь хувь хүнээс зээл авчээ. 

Өөрөөр хэлбэл, иргэдийн 34.3 хувь нь албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авч байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Судалгааны дараагийн үзүүлэлт нь хөрөнгийн зах зээл. Энэ зах зээлд оролцох сонирхолтой гэж хариулсан иргэдийн жин ердөө 17.2 хувьтай байна. 82.6% нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Үнэт цаасны арилжаанд ердөө 5.7% нь оролцож байгааг уг судалгааны үр дүн харуулж байна. Чухам ямар шалтгаанаар оролцохгүй, сонирхолгүй байгааг нь асуухад 

  • 29.6% нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй гэсэн бол
  • 70% нь мэдээлэл байхгүй гэж хариулжээ. 
  • Харин 12.2 хувь нь арилжаанд оролцох мөнгөгүй гэдгээ хэлсэн байна.

Судалгааны явцад ажиглаж байхад иргэд хөрөнгийн зах зээлийн талаар огт мэдлэггүй биш, хувьцаа эзэмшдэг гэдгээ мэддэг хэдий ч үнэт цаасны арилжаанд хэрхэн орохоо мэдэхгүй байгаа нь харагдсан талаар судалгааг хийсэн “Эн Ар Си Си” компанийн захирал, судлаач Б.Алтанцэцэг дурдав. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Даатгалын салбарын тухайд хамрагдсан иргэдийн тоо нэмэгдсэн боловч итгэл нэмэгдээгүй талаар “Эн Ар Си Си” компанийн судлаач Б.Соёлмаа танилцуулсан.

Ерөнхийдөө санхүүгийн байгууллагад итгэх итгэл 2018 оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурчээ. Шалтгаан нь даатгалын салбараас гадна арилжааны банкуудад итгэх иргэдийн итгэл мөн буурсантай холбоотой аж. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улиралд арилжааны банканд итгэх итгэл өмнөх оны мөн үеэс 7.6, 2017 мөн үеэс 17 пунктээр буурсан байна. Харин хөрөнгийн биржид итгэх итгэл өнгөрсөн оныхоос 3 пунктээр нэмэгджээ. 

Иргэдийн ийнхүү үнэлж буй итгэл нас, боловсрол, орлого, байршил болон орон сууцны нөхцөлөөс хамааран ялгаатай байсныг судлаач Б.Соёлмаа дурдсан юм. Тухайлбал, боловсрол өндөр, нас залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэд санхүүгийн байгууллагад илүү итгэж буй нь харагджээ.