Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ эзэн хааныг сэнтийд залах ёслолд Хятадын дэд ерөнхийлөгч оролцохоор болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ирэх аравдугаар сард Токиод болох Японы шинэ эзэн хааныг сэнтийд залах ёслолд Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишань оролцох болсныг өнөөдөр албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ нь АНУ-тай худалдааны дайн хийж байгаа Бээжингийн эрх баригчид Японтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагийн тод илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Ван Чишань бол Хятадын эрх баригч коммунист намын улс төрийн товчооны долоон гишүүний нэг байсан хүн. 2018 оны гуравдугаар сард түүнийг дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон юм.

Хоёр орны хооронд дайны үеийн түүхтэй холбоотой болон газар нутгийн маргаан зөрчил байдаг. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад худалдааны хатуу бодлого тэднийг ойртоход хүргэж байна.

1990 онд эзэн хаан Акихитог сэнтийд залах ёслолд Хятадын засгийн газрын шадар сайд У Шючян оролцож байжээ.

У Шючян ёслолд оролцсон нь 1992 онд эзэн хаан Акихито, хатан Мичико нар Хятадад айлчлах суурь болсон юм. Аравдугаар сарын 22-нд болох хаан сэнтийний ёслолд оролцохдоо Ван Чишань ерөнхий сайд Абэ Шинзо болон уг арга хэмжээнд оролцсон гадаад орны зочидтой уулзах төлөвтэй байна.

Абэ Шинзо, Ши Жиньпин нар зургаадугаар сард Осакад Их 20-ын чуулганы үеэр уулзахдаа албаны хүмүүсийн харилцан айлчлалыг нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.

Үүнээс гадна Ши Жиньпинийг ирэх оны хавар Токиод төрийн айлчлал хийлгэхээр Хятад, Япон улсуудын гадаад харилцааны яамд ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News