Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ариунболор: Монгол хүүхдүүдийн нуруу бөгтөр, мөр нь өндөр, нам байх нь түгээмэл байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол хүүхдүүдийн бие 1995 онтой харьцуулахад нуруу нь бөгтөр, аль нэг мөр нь нөгөөгөөсөө доош унжсан байгааг “Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох” судалгааг хийсэн судалгааны багийнхан хэллээ.

ХХААХҮЯ-ны захиалгаар АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл"-ийн хүрээнд “Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох” судалгааг 1985 оноос хойш анх удаа буюу 34 жилийн дараа хийж, өнөөдөр үр дүнг нь танилцууллаа.

ШУТИС-ийн Хувцас судлалын төвийн эрдэмтэн, багш нар уг судалгаан дээр ажиллажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ШУТИС-ийн Хувцас судлалын төвийн захирал Д.Ариунболор "1985 оны судалгааг үндэслэн 1995 онд "Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандарт"-ыг гаргасан байдаг. Амьдралын хэвшлээс үүдэлтэйгээр хүүхдийн биеийн өсөлт хөгжилд нэлээд өөрчлөлт орж байгаа учраас стандартыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байлаа.

2017 оны арванхоёрдугаар сард эхэлсэн судалгаанд зургаан аймаг, Улаанбаатар хотын 10 гаруй сургуулийн 9,000 хүүхдийг хамруулсан. Хэмжилтийг олон улсын ISO стандартын дагуу Канад, Япон улсад үйлдвэрлэгдсэн багаж, тоног төхөөрөмжөөр хийсэн.

Хүүхдүүдийн биеийн хэмжээг насны бүлгээр, аймаг бүсээр ангилан гаргасан бөгөөд хүүхдүүдийн биед түгээмэл гарсан өөрчлөлт нь нуруу, мөрөн дээр ажиглагдсан. Нуруу бөгтөр, мөр нь өндөр, нам байх нь түгээмэл байна. Хүмүүс хүүхдүүд өндөр болж байна гээд байгаа ч өмнөх стандартад байгаатай харьцуулахад онцлохоор хэмжээнд өндөр болоогүй.

Судалгааны эцсийн үр дүн стандарт болон батлагдана. Хүүхдийн биеийн хэмжээний стандарт сурагчийн дүрэмт хувцас, цүнхний хэмжээнээс авахуулаад хүүхэд байх бүхий л орчны тохижилтод хэрэглэгдэх юм" хэмээн ярилаа.

“Монгол Хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, ач холбогдлыг нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг цаашид хэрхэн ашиглах талаар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд танилцуулах зорилготой семинар өнөөдөр болж байгаа юм.

 

"ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл"-ийн зохицуулагч Т.Энхжаргал "Манай төслийн зүгээс хувцасны масс үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор судалгааны төслийг хэрэгжүүлсэн. Сүүлийн үед хийгдсэн жишиг стандарт байхгүй учраас оёдлын үйлдвэрүүд өөр өөрийнхөөрөө үйлдвэрлэлээ явуулж байна. Судалгааны үр дүнд хүүхдийн хувцасны стандарт гарч байгаа нь чухал үр дүн" гэдгийг онцлон хэлж байлаа.