Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг дэлхийд анхны 108 Мегапикселийн дүрс мэдрэгчийг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани мобайл төхөөрөмжүүдэд зориулсан 108 Мегапикселийн дүрс мэдрэгчийг дэлхийд анх удаа бүтээснээ өчигдөр зарлажээ.

ISOCELL Bright HMX гэж нэрлэгдсэн уг дүрс мэдрэгч нь гар утасны камерыг мэргэжлийн DSLR камерны түвшинд хүргэх юм. Шинэ мэдрэгчийг энэ сараас эхлэн бөөнөөр үйлдвэрлэх ажээ.

 

Дүрс мэдрэгч нь камерны дурангаар нэвтрэх гэрлийг дижитал зураг болгон хувиргадаг электроник төхөөрөмж юм. Ийм төхөөрөмжийн дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг Японы Sony хангадаг. Харин Самсунг зах зээлийн 20 орчим хувийг эзэмшиж, хоёрдугаарт жагсдаг юм.

Самсунг өнгөрсөн тавдугаар сард Sony-гийн 48 Мегапикселийн мэдрэгчийг ардаа орхиж, 64 Мегапикселийн дүрс мэдрэгч гаргаж байв. Харин 108 Мегапикселийн мэдрэгч гаргаснаар Самсунг өрсөлдөгчөөсөө улам ялгарч байна.

Зөвхөн гар утас биш, жолоочгүй автомашин, хяналтын камер, роботын дүрс таних технологиуд хөгжсөнөөр дүрс мэдрэгчийн дэлхийн зах зээл 2022 онд $19 тэрбумын хэмжээтэй болж өснө гэж IC Insights судалгааны байгууллага тооцоолсон нь бий.

Уг мэдрэгчийг бүтээхэд Самсунгтай хамтран ажилласан Хятадын Xiaomi компани анхны 108 Мегапиксель камертай гар утсыг зах зээлд гаргахаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News