Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газрын бодлогыг зөвтгөсөн Өмнөд Солонгосын компанийн ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон орны зах зээлд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг Kolmar Korea компанийн ерөнхийлөгч өчигдөр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон тус компанийн сар тутмын хурал дээр Япон-Өмнөд Солонгосын хооронд өрнөж буй худалдааны дайны нөхцөл байдлын талаар видео танилцуулга үзүүлсэн юм.

Тус видеонд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний Японы эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлогыг шүүмжилж, эсрэгээрээ ерөнхий сайд Абэ Шинзог худалдааны аядуу зөөлөн бодлого баримталж байна хэмээн магтжээ.

Бас Венесуэль улсын эдийн засгийн хямралыг дурдаад хэрвээ Японтой маргаан зөрчил гүнзгийрвэл солонгос бүсгүйчүүд ”долоохон долларт биеэ үнэлдэг венесуэль эмэгтэйчүүд” шиг болох хувь заяа хүлээж байгааг анхааруулжээ.

Тус компанийн 700 орчим ажилчиндаа үзүүлсэн видео YouTube сүлжээнд нийтлэгдсэн нь Өмнөд Солонгосын олон нийтийг бухимдуулж, Kolmar компанийн бараа бүтээгдэхүүнээс татгалзах хөдөлгөөнийг эхлүүлсэн байна.

“Манай компанийн бараа бүтээгдэхүүнд итгэдэг, хэрэглэдэг бүх солонгос хүмүүсээс, ялангуяа бүсгүйчүүдээс би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэж мэдэгдсэн ерөнхийлөгч Юүн До Хан албан тушаалаасаа огцорсон юм.

Kolmar Korea компаниас тусдаа гаргасан мэдэгдэлд өнгөрсөн долоо хоногт үзүүлсэн видео нь “асуудалд сэтгэлийн хөдлөлөөр бус, түүхийн зөв мэдлэг дээр үндэслэн хандахад” ажилчдаа сургах зорилготой байсан гэж тайлбарлажээ.

Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд өнгөрсөн колоничлолын үеийн түүхтэй холбоотой худалдааны маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP