33 жилийн өмнө цөмийн ослын гамшигт нэрвэгдэж байсан Чернобылийн хөрсөнд Британийн эрдэмтэд үр тариа суулган туршиж байсан юм.
Тэгвэл тэд эндээс авсан ургацаа ашиглан нутгийнхны уламжлалт аргаар архи нэрснээ “Atomik” гэж нэрлэжээ.
Портсмутын их сургуулийн профессор Жим Смитийн санаачилгаар ийм архийг Украины “Chernobyl Spirit Company” нэртэй компанид бөөнөөр үйлдвэрлэж, олсон ашгийн 75 хувийг орон нутгийн хөгжилд зориулахаар төлөвлөсөн байна.
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн цөмийн цахилгаан станцын дөрөвдүгээр реакторт осол гарахад цацраг туяа алдагдаж, станцаас 30 км радиус дотор амьдардаг 350,000 орчим хүнийг нүүлгэж байжээ.
Энэ бүсийг цацраг туяанд хордсон тул 24,000 жил хүн амьдрах боломжгүй гэж дүгнээд хаасан юм.
Архийг бүтээхдээ Чернобылийн хаалттай бүсийн ойр хөрсөнд ургуулсан тариа, гүний ус зэргийг ашиглажээ. Хураасан ургацаас бага зэрэг цацраг идэвхийн хэмжээ илэрсэн ч нэрэх явцад бүрэн цэвэршиж байгааг эрдэмтэд баталсан байна.
Эх сурвалж: The Guardian