Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн жишгийг дагасан Самсунг өмнөх сөрөг сурталчилгаагаа устгажээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани гар утасны сурталчилгаандаа өрсөлдөгч Apple-ийн бүтээгдэхүүн рүү довтолдогоороо алдартай.

2016 онд Apple iPhone 7 загвараа гаргахдаа анх удаа чихэвчний 3.5 мм-ийн оролтыг хасаж байв. Үүний дараа Самсунг 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан “Growing Up” нэртэй видео сурталчилгаандаа чихэвчний оролтгүй болсон iPhone-ийг шүүмжилж байжээ.

Уг сурталчилгаанд гардаг залуу багаасаа iPhone хэрэглэж ирсэн ч сүүлдээ гар утаснаасаа залхаж, Самсунгийн Galaxy-гаар сольж байгаагаар гардаг.

Сурталчилгааны нэг хэсэгт 3.5 мм-ийн чихэвчний оролтгүй болсон iPhone эзэндээ төвөг учруулж байгааг харуулдаг юм.

Тэгвэл Лхагва гарагт Самсунг компани Galaxy Note 10 загвараа гаргахдаа 3.5 мм-ийн чихэвчний оролтыг анх удаа хасжээ.

Чихэвчний залгуурын энэхүү хуучин стандартыг өнөөдөр хүртэл тууштай хадгалж ирсэн цөөн үйлдвэрлэгчдийн нэг нь Самсунг байв.

Тэгвэл Galaxy Note 10-ыг танилцуулсны дараа “Growing Up” видео сурталчилгаа тус компанийн албан ёсны хуудаснуудаас алга болсон байна. Самсунгийн 3.8 сая дагагчтай үндсэн YouTube хуудас, 1.8 сая дагагчтай АНУ дахь салбарын YouTube хуудаснуудаас устгагджээ. Саяхан болтол эдгээр хуудаснууд дээр “Growing Up” сурталчилгаа байсныг интернэтийн архиваас харж болно.

Харин бүс нутгийн зарим нэг хуудаснуудад устаагүй хэвээр үлдсэн байна.

Жишээ нь Самсунгийн Малайз дахь салбарын видео хуудсанд устаагүй хэвээр байгааг дараах холбоосоос үзнэ үү. Энэ холбоос ч удахгүй устаж магадгүй юм.

 

Эх сурвалж: Business Insider