Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын цэргийн баазад пуужингийн хөдөлгүүр дэлбэрснээс хоёр хүний амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын бауун хойд Архангельск мужид орших цэргийн баазад пуужингийн хөдөлгүүрт гал гарч, дэлбэрснээс хоёр хүний амь үрэгдэж, зургаан хүн шархдсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр гал гарсан гэнэ. Дэлбэрэлтийн дараа цэргийн баазын ойролцоо оршдог хотод цацраг туяаны хэмжээ өссөн тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ.

Энэхүү цэргийн баазад шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг явуулдаг юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам дэлбэрэлтийн дараа агаарт хор хөнөөлгүй химийн бодис тарсан, цацраг туяаны хэмжээ хэвийн байгаа тухай мэдээлжээ.

Гэтэл цэргийн баазаас 30 орчим километр зайтай оршдог Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ богино хугацаанд огцом өсөөд буурсан тухай мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Хотын онцгой байдлын албаны хэмжилтээс үзвэл цацраг туяаны хэмжээ хэвийн түвшнээс 20 дахин өсөөд буцаж буужээ. Greenpeace байгууллага энэ үеэр иргэдийн ахуй амьдралд ямар хэмжээний хор хөнөөл үүссэнийг шалгахыг мэргэжлийн байгууллагуудаас шаардсан байна.

Энэ ослоос гурав хоногийн өмнө Сибирийн Ачинск хотын ойролцоо зэвсгийн агуулахад дараалсан хүчтэй дэлбэрэлтүүд болоход нэг хүний амь үрэгдэж, найман хүн шархдсан юм.

 

Эх сурвалж: Reuters