Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бараг 24 цаг эсэргүүцсэний эцэст Киргизийн экс ерөнхийлөгч баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Бараг 24 цаг үргэлжилсэн ширүүн эсэргүүцлийн дараа Киргизийн экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаев хууль хүчнийхэнд бууж өгч, баривчлагджээ.

62 настай Атамбаевт авлига, албан тушаалын нийт таван хэрэг тулгаад байгаа юм. Харин одоо түүнийг илүү ноцтой гэмт хэрэгт буруутгах боломжтой болж байна.

Байцаалт өгөхөөс гурван удаа татгалзсаны дараа Лхагва гарагт Киргизийн тусгай хүчний дайчид экс ерөнхийлөгчийн Кой-Таш тосгон дахь харш руу баривчлахаар ирсэн юм.

Гэвч олон зуун дэмжигчид нь хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул тусгайгийн нэг алба хаагч алагдаж, олон арван хүн шархдсан байна. Өчигдөр Киргизийн дотоод хэргийн дэд сайд Курсан Асанов өөрийн биеэр очиж, экс ерөнхийлөгчийн гэрээс олон тооны автомат буу, сумнуудыг хурааж авсан юм. Нийтдээ 14 автомат буу, дүүрэн сумтай 36 дайз, хоёр гар буу хураажээ. Мөн гэр дотор нь элстэй шуудай овоолж, хориглолт хийсэн байв.

Одоо Атамбаевыг тус улсын үндэсний аюулаас хамгаалах газрын байранд хорьж байна.

Түүнийг баривчилсны дараа хэдэн зуун дэмжигчид нь парламентын ордны гадаа цугларсан ч цагдаа нар хүч хэрэглэн тараажээ.

Киргиз улсад 2005, 2010 онуудад ерөнхийлөгч нараа бослого тэмцлээр сольж байсан бол Атамбаевыг одоогийн ерөнхийлөгч Жээнбеков 2017 онд тайван замаар залгамжилж байсан юм.

Тус улсын улс төрчдийг өмнөд болон умард нутгаас угшилтай гэж хуваадаг. Атамбаев нь умард нутгаас гаралтай бол Жээнбеков нь өмнөдийн бүлэгт харьяалагддаг байна.

Нэгэн үе тэд холбоотнууд байсан ч Жээнбеков ерөнхийлөгч болсныхоо дараа Атамбаевын тойрон хүрээлэгчдийг ээлж дараалан баривчилж, авлигын хэрэг шалгаж, шийтгэж эхэлсэн юм. Атамбаевын халдашгүй эрхийг Киргизийн парламент зургаадугаар сарын 27-нд цуцалснаар түүнийг баривчилж шалгах боломж нээгдсэн байна.

Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков “Хуулийн хүрээнд хэрэгжсэн мөрдөн шалгах ажиллагааг галт зэвсэг хэрэглэн эсэргүүцсэнээр Алмазбек Атамбаев хууль ёсыг уландаа гишгэлээ. Өчигдөр тэр жирийн сэжигтэн байсан бол өнөөдөр ноцтой гэмт хэрэгт холбогдоод байна” гэж парламентын чуулган дээр хэлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty