Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Экс ерөнхийлөгчийг баривчлах ажиллагаа бүтэлгүйтсэнтэй холбоотой Киргизийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Киргизийн экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг Чуй мужийн Кой-Таш тосгон дахь гэрээс нь баривчлах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралджээ.

Тус улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын даргалсан хуралдаан хаалттай болж, улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэнэ.

Өчигдөр Киргизийн тусгай хүчний дайчид удаа дараа байцаалт өгөх шаардлагыг биелүүлээгүй Атамбаевыг баривчлахаар гэрт нь очсон байна.

Гэвч экс ерөнхийлөгчийг дэмжигчид хүчтэй эсэргүүцэл үзүүлснээр ажиллагаа бүтэлгүйтсэн юм. Дэмжигчид тусгай хүчний зургаан алба хаагчийг барьцаалснаа сүүлд сулласан байна. Дараа нь орон нутгийн цагдаа нар хүч нэмсэн ч амжилт олоогүй юм. Мөргөлдөөний үеэр тусгай хүчний нэг алба хаагч хүнд шархдаж, сүүлд амьсгал хураажээ. Нийт 45 хүн шархдаж, бэртсэний дотор орон нутгийн сэтгүүлч, парламентын гишүүн асан, цагдаагийн хэд хэдэн албан хаагч байгаа юм. Атамбаевын амьдардаг Чуй мужийн цагдаагийн газрын дарга тархиндаа хүнд гэмтэл аваад ухаангүй байна.

 

Эх сурвалж: ТАСС