Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн парламентын гишүүн Хятад улсыг Нацист Германтай адилтгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Австралийн парламентын тагнуулын байнгын хорооны дарга Эндрью Хэсти сонинд бичсэн нийтлэлдээ тус улсын далайн чанад дахь хөрш Хятад улсын хүчирхэгжилтийг дэлхийн хоёрдугаар дайны эхэн үеийн Нацист Германы нөлөөтэй зүйрлэжээ.

Тэрээр Нацист Германы хүчирхэгжилтийг үл тоосон Франц улс газар нутгаа хэрхэн алдсаныг жишээ болгоод Австралийг Францын хувь заяа хүлээж байж болзошгүйг эрх баригчдад анхааруулсан байна.

“Францын нэгэн адил Австрали улс өөрийн дарангуйлагч дэглэмтэй хөрш нь хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарахгүй байна” гэж тэр The Sydney Morning Herald сонинд бичжээ.

Хэсти цааш нь бичихдээ “Ирэх арван жилд бидний ардчиллын үнэт зүйлс, эдийн засаг, хэлхээ холбоо, аюулгүй байдал Австралийн түүхэнд байгаагүй том сорилттой тулгарах болно” гэсэн байна.

Хэсти бас Ази, Номхон далайн бүс нутагт Хятад улс өнөөдөр коммунист үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж байгааг үл тоовол Сталины үед өрнөдийнхөн Европын зүүн хэсгийг ЗХУ-д алдсантай адил зүйл болно гэж анхааруулжээ.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон түүний нийтлэлийг засгийн газрынх нь бодлого биш, зөвхөн хувь хүний үзэл гэж мэдэгдсэн байна.

“Бид дэлхийн аль ч улс оронтой адил тэгш нөхцлөөр Хятад улстай хамтран ажиллахыг хүсдэг” гэж тэр сэтгүүлчдэд ярьжээ.

Австралид суугаа Хятадын элчин сайдын яам уг нийтлэлийг Хятад-Австралийн харилцаанд хор хөнөөлтэй зүйл гээд “хүйтэн дайны үеийн хоцрогдсон сэтгэхүйтэй хүн гэдгээ харууллаа” гэж Хэстийг шүүмжилсэн байна.

“Хятадын энх тайванч хөгжил дэвшил бол дэлхий нийтийн аюул биш, боломж гэдгийг түүх батлан харуулсан, цаашдаа ч харуулах болно. Австралийн зарим улс төрчдийг өнгөт шилээ нүднээсээ авч, Хятадын хөгжлийн замналыг бодитоор харахыг уриалж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.

Австрали улсын аюулгүй байдлын гол холбоотон нь АНУ бол худалдааны хамгийн том түнш нь Хятад улс. Сүүлийн үед Номхон Далайн бүс нутагт хоёр гүрний тэмцэл ширүүссэн нь Австрали улсыг тэдэнтэй тэнцвэртэй харилцахад бэрхшээл учруулж байгаа юм.

Сүүлд Австрали улс АНУ-ын шахалтаар харилцаа холбооны тавдугаар үеийн сүлжээнд шилжихдээ Хуавэй компанийн дэд бүтцийг ашиглахгүй байх шийдвэр гаргасан нь Бээжинтэй харилцах харилцаанд нь хүндрэл учруулаад байна.

 

Эх сурвалж: AFP