Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани Galaxy Note 10 загвараа хоёр хувилбартай танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани Galaxy Note 10 загварын гар утсаа хоёр хувилбартайгаар танилцууллаа.

Өмнө нь уг бүтээгдэхүүн ганцхан том хэмжээтэй зах зээлд гардаг байсан бол энэ удаа Galaxy Note 10, Galaxy Note 10 Plus гэсэн хоёр хэмжээтэй болсон байна.

Жижиг нь 6.3 инч дэлгэцтэй бол том хувилбар нь 6.8 инчийн дэлгэцтэй. Эхлэх үнэ нь Galaxy Note 10-ын хувьд $950, Galaxy Note 10 Plus-ын хувьд $1,100 юм байна.

Үүнээс гадна 5G сүлжээг дэмждэг Galaxy Note 10 Plus 5G хэмээх дэд хувилбарыг гаргахаар болжээ.

Шинэ загваруудыг тэгш өнцөгт хэлбэр, маш нарийн дэлгэцний хүрээ нь онцгой гоёмсог харагдуулж байна. Нүүрний камерыг дэлгэцний голд нүхлэн байрлуулжээ.

Хоёр загварын гол ялгаа нь дэлгэцний хэмжээнээс гадна санах ой, камер, батарейн багтаамж юм. Тухайлбал хоёул 123 градусын өнцгөөр хардаг өргөн өнцгийн камертай бол том загвар нь объектын алслалтыг илүү сайн мэдрэх нэмэлт чадвартай. Өөрөөр хэлбэл хөрөг зураг авахад хүний дүрийг арын орчноос илүү сайн тодруулна гэсэн үг юм.

 

Санах ойн хувьд жижиг нь 8GB RAM, 256GB storage, том нь 12GB RAM, 256GB эсвэл 512GB storage сонголттой.

 Харин Galaxy Note 10-ын батарей 3,500 mAh, Galaxy Note 10 Plus-ын батарей 4,300 mAh багтаамжтай юм байна.

Өмнө нь дагалддаг байсан 15 Ваттын цэнэглэгчээ 25 Ваттаар сольсон тул түргэн цэнэглэх чадвар нь нэмэгджээ. Үнэнд нь багтаагүй 45 Ваттын цэнэглэгчийг нэмж авбал Galaxy Note 10 Plus хувилбар нь улам түргэн цэнэглэгддэг болох юм байна.

Хоёр хувилбар хоёул 2019 оны гол трэнд болж буй Qualcomm Snapdragon 855 процессортой.

Програм хангамжийн хувьд гараар бичсэн тэмдэглэлийг текст болгон хөрвүүлдэг болсон нь чухал дэвшил болжээ. Мөн S Pen үзгэндээ “Air Actions” хэмээх боломж нэмсэн нь зайнаас камерныхаа горимыг өөрчлөх, удирдах арга юм. Хэдэн метрийн зайнаас та үзгээрээ камерыг сэлфи эсвэл видео горимд шилжүүлж, татаж ойртуулах (zoom in) ч боломжтой.

Galaxy Note 10 загваруудыг хар, цагаан, ягаан өнгөнөөс гадна “Aura Glow” хэмээх солонгорсон өнгөтэй гаргажээ.

 

Эх сурвалж: The Verge