Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизийн экс ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааны үеэр нэг хүн алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Сооронбай Жээнбеков, Алмазбек Атамбаев нар

Киргизийн тусгай албаныхан өнгөрсөн шөнө тус улсын ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулсан нь бүтэлгүй болжээ.

Тэднийг экс ерөнхийлөгчийн хувийн харш байрладаг тосгонд ирэхэд дэмжигчид нь хүчтэй эсэргүүцжээ.

Мөргөлдөөний үеэр тусгай хүчний нэг алба хаагч амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Экс ерөнхийлөгчийн талынхан тусгай хүчний зургаан алба хаагчийг барьцаалсан бөгөөд ажиллагааг зогсоох тохиролцоонд хүрсний дараа тэднийг суллажээ.

Ажиллагааны дараа Атамбаев гаргасан видео мэдэгдэлдээ түүнийг баривчлах оролдлого нь “хууль бус, үндсэн хуулийг зөрчсөн явдал” гэж ярьсан байна.

Тусгай хүчний нэг алба хаагч шархаа даалгүй амиа алдаж, 46 хүн гэмтэж, бэртсэний 15 нь цагдаагийн албан хаагчид байсныг Киргизийн эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Экс ерөнхийлөгчийн харш байрладаг Чуй мужийн цагдаагийн дарга Самар Курманкулов толгойдоо хүнд гэмтэл авч, хагалгаанд орсон байна.

Ажиллагааны үеэр буун дуу сонсогдож байсныг гэрчүүд мэдээлжээ. Харин Киргизийн аюулаас хамгаалах газар цагдаа нар зөвхөн резинэн сум хэрэглэсэн тухай мэдээлсэн байна.

Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков болсон явдлын дараа Иссык Куль нуурын амралтын газраас нийслэл Бишкект буцаж иржээ.

Атамбаев зургаан жил ерөнхийлөгчийн албыг хашсаныхаа дараа Жээнбековыг 2017 оны сонгуулиар ерөнхийлөгч болоход нь дэмжиж байв.

Гэвч удалгүй тэдний дунд хагарал бий болж, экс ерөнхийлөгчийн хүрээллийн хүмүүсийг авлига, албан тушаалын хэргээр баривчлан шалгаж эхэлсэн юм.

Зургаадугаар сард Киргизийн парламент экс ерөнхийлөгчийн халдашгүй статусыг цуцалсан бөгөөд Атамбаевт ирж байцаалт өгөх шаардлага гурван удаа хүргэсэн ч хүлээж аваагүй байна.

Улмаар долдугаар сарын 22-нд тус улсын дотоод хэргийн дэд сайд тэргүүтэй албаныхан Атамбаевтай гэрт нь очиж уулзаж байжээ.

Атамбаевыг 2011-ээс 2017 оны хооронд Киргизистаны ерөнхийлөгчийн албыг хашихдаа авлига, албан тушаалын нийт таван гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорууд үзэж байгаа юм.

Харин Атамбаев энэ бүхнийг улс төрийн явууллага хэмээн няцааж, хувийн харшдаа дэмжигчдийнхээ хамгаалалтын дор толгой хоргодож байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty, Russia Today